ХЗБХ: Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт түүний хор уршгийн талаарх мэдээлэл сонсов

2025-04-17

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.15) хуралдаан 14 цаг 44 минутад гишүүдийн 59.1 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэв.

Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох шийдвэрийг гаргасан юм. Г.Уянгахишиг гишүүн тус ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат П.Сайнзориг нар ажилласан байна. Ажлын хэсэг хоёр удаа хуралдахдаа хууль санаачлагч болон хуулийн төслийг боловсруулахад оролцсон ажлын хэсгээс зарим тодруулгыг авсан хэмээн Г.Уянгахишиг гишүүн танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахаас өмнө хууль зүйн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзжээ. Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “…төлбөрт таавар, бооцоот тоглоом цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно…” гэсэн агуулгатай 20 дахь заалтыг Зөвшөөрлийн тухай хуулийн “Зөвшөөрөл олгох, сунгах, шинээр бий болгоход баримтлах зарчим, хэрэгжүүлэх хүрээ” гэсэн 1.5 дугаар зүйлд нэмэхээр төсөлд тусгасан нь хууль зүйн техникийн шаардлага болон хууль хоорондын нийцлийг хангаж байгаа эсэх, тодорхой үйл ажиллагааг эрхлэхийг хориглох зохицуулалт нь уг хуулийн зорилтод нийцэж байгаа эсэхээр хууль зүйн дүгнэлт гаргуулах нь шаардлагатай гэв. Түүнчлэн тодорхой салбарын хуулиар, эсвэл бие даасан аль нэг хуулиар хориглоогүй аливаа харилцааг шууд Эрүүгийн хуульд гэмт хэрэг хэмээн тооцохоор нэмж хуульчлах нь эрх зүйн хувьд сөрөг үр дагавартай бөгөөд гэмт хэрэгт тооцох үйлдлийг бүрэн тодорхойлж зохицуулаагүй байдал нь аливаа этгээдийг хэлмэгдүүлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эсвэл ял завшуулах эрсдэл үүсгэж болзошгүй гэв. Иймд Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл нь хууль зүйн техник, хууль эрх зүйн хувьд зөрчилтэй эсэх, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд боломжит хувилбарын талаар тус тус хууль зүйн дүгнэлт гаргуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Эрүүгийн хуульд нэмэлт оруулснаар шинээр гэмт хэргийн зүйлчлэл бий болгож байгаа тул хуулийн төсөлтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын дээд шүүх болон Улсын ерөнхий прокуророос зайлшгүй санал авах шаардлагатайг мөн дурдсан. Дээр дурдсан хууль зүйн дүгнэлт, холбогдох байгууллагуудын саналыг авсны үндсэн дээр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд тусгагдсан асуудлаар хууль зүйн техникийн засвар хийх, зарим нэр томьёог оновчтой болгох, хууль хоорондын нийцлийг хангах зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулан ажиллах шаардлагатай хэмээн ажлын хэсэг үзжээ.

Г.Уянгахишиг гишүүний дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Х.Тэмүүжин, Б.Заяабал, Д.Цогтбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Эрүүгийн хуульд нэмэлт оруулахдаа Улсын дээд шүүх болон Улсын ерөнхий прокуророос санал авах хуулийг хэрэгжүүлж ажиллахыг гишүүд сануулаад, салбарын яамнаас бодлогоо зангидаж ажиллах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. Монгол Улсын иргэнийг яллах, эрх чөлөөг хязгаарлахтай холбоотой асуудлыг хөнддөг учраас Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яам тухайлан судалгаа хийж, дүгнэлт гаргадаг зарчмыг тодотгож байсан юм. Үүний зэрэгцээ тухайн харилцааг зохицуулсан ерөнхий хуулийг батлах, үүнээс улбаалан тухайн хуулийг зөрчсөн тохиолдолд аль үйлдэлд нь эрүүгийн хариуцлага тооцох, аль үйлдэлд зөрчлийн хариуцлага тооцохоо тодорхойлдог байх зарчмыг гишүүд онцолж байв. Хууль хоорондын нийцлийг хангах, хуулийн төсөл дэх зохицуулалтыг өргөн хүрээнд, нарийвчилсан судалгаанд үндэслэн тодорхойлж, томьёолох шаардлага байгаа гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.

Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх Боловсролын сайдын болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийг энэ өдрийн хуралдааны төгсгөлд сонсов.

Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хангах, эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргийн дагуу Улсын Их Хурлаас 2024 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан болохыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25 дугаар зүйлээр хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчин дахь хүүхэд хамгаалалтай холбоотой харилцааг зохицуулж байгаа боловч цахим орчинд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах, цахим орчин дахь бэлгийн хүчирхийлэл, зүй бус зар сурталчилгаа, хуурамч мэдээ, мэдээллээс хамгаалах, сөрөг агуулгатай контентын хандалтыг хязгаарлах, арилгах талаарх эрх зүйн харилцааг цогцоор нь тусгайлан зохицуулаагүй байгааг дурдав. Түүнчлэн тодорхой насны хязгаарлалттайгаар нийгмийн сүлжээний платформуудыг ашиглах талаар хуульд зохицуулалт тусгагдаагүй гэдгийг онцоллоо.

Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар үндэсний суурь судалгааг 2020 онд хийсэн бөгөөд 7-12 настай хүүхдүүдийн 50 хувь, 13-18 настнуудын 77 хувь нь фэйсбүүк хэрэглэдэг бөгөөд тэдгээрийн 87 хувь нь тодорхой төрлийн цахим халдлагад өртсөн гэжээ. Цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замын талаарх 2021 оны судалгаагаар өсвөр үеийнхний 92 хувь нь интернет хэрэглэдэг бөгөөд хамгийн эрсдэлт орчноор интернэт хэмээн тодорхойлсон байна. Мөн судалгаанд оролцсон хүүхдүүдийн 14.6 хувь нь цахим орчинд хүчирхийлсэн, басамжилсан, садар самуун агуулгатай үйлдэл хийхийг шаардсан халдлагад өртөж байжээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал ба зохицуулалт” судалгаанд дурдсанаар 13-18 насны судалгаанд оролцогчдын 71 хувь нь өдөр бүр цахим орчинд давтамжтай нэвтэрдэг. Үүний 96 хувь фэйсбүүк, 89 хувь нь фэйсбүүк месенжер ашигладаг гэсэн байна. Мөн 13-18 насны хүүхдүүд гэртээ, интернэтэд орохдоо аав, ээжийн эзгүйд орох хандлага хамгийн өндөр буюу 89 хувь байдаг гэжээ. Судалгаагаар хүүхдүүдийн 87 хувь нь цахим орчны халдлагад өртөж байсан, тэдгээрийн 59 хувь нь эцэг, эхдээ хэлдэггүй, мөн хүүхдүүдийн 67 хувь нь нэгээс олон хаягтай байдаг гэв. Хүүхдүүдийн 61 хувь нь илүү хаягаараа бусадтай чатлах, 36 хувь нь нийгмийн сүлжээг эцэг, эхийн хяналтгүйгээр ашиглах зорилготой гэсэн судалгааны дүн гарсан байдгийг Боловсролын сайд танилцуулав.

Үргэлжлүүлэн П.Наранбаяр сайд олон улсын туршлагын талаар мэдээллээ. Австралийн Засгийн газар 2024 оны 11 дүгээр сард “Нийгмийн сүлжээний хамгийн бага насны хязгаар”-тай холбоотой хуулийг баталж 16-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг бүрэн хоригложээ. Энэ хууль 2025 оны 12 дугаар сараас хэрэгжиж эхлэх юм байна. Австрали хүүхдүүдийн 80 хувь нь Youtube, TikTok, Instagram, Snapchat зэрэг платформуудыг ашиглаж байсан бөгөөд ямар нэгэн насны хязгаарлалт, хяналтын нэмэлт механизмгүй. Улмаар хүүхэд аливаа мэдээллийг шүүлтүүргүй хүлээн авах, гэмт хэргийн хохирогч болох эрсдэл үүсгэж байсан хэмээн үзжээ. Франц Улс 15-аас доош насны хэрэглэгч нийгмийн цахим сүлжээнд нэвтрэхдээ заавал эцэг, эхийн зөвшөөрөл шаарддаг болсон. Мөн АНУ, Австрали, Япон, Итали, БНСУ, Швед, ОХУ, ИБУИНВУ, БНХАУ зэрэг улс цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаарх бодлогоо тодорхойлж, нарийвчилсан зохицуулалт бүхий хууль батлаад байгаа хэмээлээ.

Нийгмийн сүлжээний дээр дурдагдаж буй эрсдэлийн зэрэгцээ дэлгэцийн донтолт хурцадмал асуудал болсныг П.Наранбаяр сайд тэмдэглээд “Бодит нөхцөлийг тооцон, хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулаад эрх зүйн орчныг тодорхойлох шаардлагатай гэж үзэж байна. Иймд Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран үзэл баримтлал боловсруулах ажлын хэсэг байгуулж, холбогдох хуулийн төслийг боловсруулаад нийгмийн оролцоог бүрэн хангасан хэлэлцүүлгүүдийг хийж, нэгдсэн ойлголцолд хүрч батлах боломжтой хэмээн үзэж байна” гэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийг Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар танилцуулав.  Цагдаагийн байгууллагад сүүлийн 5 жилд буюу 2020-2024, 2025 оны эхний 3 сард нийт 146.476 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 10.164 буюу 6.9 хувийг хүүхэд хохирсон гэмт хэрэг эзэлж байгаа гэлээ. Үүнээс цахим орчинд үйлдэгдсэн 40900 гэмт хэргийн улмаас нийт 459 хүүхэд өртөж хохирсон бөгөөд жилийн дундаж өсөлт нь 62.2 хувьтай байгаа аж. Сүүлийн 5 жилийн хугацаанд үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой 350 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 29 буюу 8.3 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Дээрх гомдол мэдээллийн 311 буюу 88.9 хувь нь нийслэлд, 39 буюу 11.1 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Нийслэлд бүртгэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой гомдол, мэдээлэл Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 3, 16 дугаар хороодод хамгийн их бүртгэгджээ. Орон нутагт Орхон аймгийн Баян-Өндөр, Сэлэнгэ аймгийн Мандал суманд хамгийн их бүртгэгдсэн болохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар танилцууллаа.

Үргэлжлүүлэн тэрбээр цахим орчны нөхцөл байдлын талаар танилцуулсан. Манай улсын нийт хүн амын 1.2 сая нь өсвөр насныхан бөгөөд тэдний 74 хувь нь цахим орчны идэвхтэй хэрэглэгч байдаг аж. Үүнээс гадна цахим орчинд идэвхтэй байгаа хүүхдүүдийн 55 хувь нь эмэгтэй, 45 хувь нь эрэгтэй юм байна. Youtube хуудас хэрэглэдэг 2.5 сая иргэн байдгаас 70 хувь нь өсвөр насныхан гэв. Хуурамч хаяг байгаа нь цахим дээрэлхэлтийн нэг хэрэгсэл болж, тэдний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, гэмт хэрэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж болохыг танилцуулгад дурдав.

Өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, сэтгэл санааны хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл нийтлэгдсэн тухай бүр цагдаагийн байгууллагаас хариу арга хэмжээ авч, харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсээр шалгуулж, устгуулах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичгээр хүргүүлэх арга хэмжээ авч ажилладаг болохыг Төрийн нарийн бичгийн дарга Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

Өнгөрсөн онд бага насны хүүхдэд учирч болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор фейсбүүк олон нийтийн сүлжээнд садар самууныг сурталчилсан, хүүхдийг садар самуунд уруу татсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан 196 цахим хуудас болон групп хаягийг тогтоон устгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн байна. Н.Мягмар дарга цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулаад 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд зохион байгуулсан “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” арга хэмжээний хүрээнд насанд хүрээгүй хүний үйлдсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 9.5 хувь буурсан эерэг үзүүлэлт гарсныг дурдсан юм.

Ийнхүү Боловсролын сайдын болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийг сонссоны дараа Хууль зүйн байнгын хорооны гишүүн О.Номинчимэг, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Д.Цогтбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт тайлбар авсан юм. Хуулиар зохицуулах асуудлаа нарийвчлан, үр дүнг хэмжих шалгуураа тодорхой болгох шаардлагатай гэдэг саналыг С.Эрдэнэболд гишүүн хэлээд, шинэ тутам үүсч буй нийгмийн харилцааны асуудлыг хуучин арга барилаар шийдэх боломжгүй гэдгийг тооцож, анхаарахыг сануулсан. Хуулийн төслийн үзэл санааг дэмжиж байгаагаа тэрбээр илэрхийлээд, Засгийн газар орчин нөхцөл болон ирээдүйг тооцож, энэ чиглэлд баримтлах бодлогоо нэн тодорхой болгох ёстой гэлээ. Цахим халдлага, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байгаа хүүхэд хаана, хэрхэн хандах талаар маш тодорхой ойлголт, мэдээллийг нийгэмд түгээж, бүх талууд хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэдэг байх нь чухал гэдэг саналыг хэлж байв. Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр бодлого, хөтөлбөрүүдийг тусгайлан гаргаж төрийн байгууллагууд хамтарч хэрэгжүүлэх шаардлага байгаа хэмээн үзэж буйгаа дурдлаа. Хүүхдийн эрхийн асуудлыг онцгой анхаарах ёстой хэдий ч технологийн ололт, дэвшлийн сайн үр нөлөөг тооцох ёстой гэдгийг Д.Цогтбаатар гишүүн тэмдэглэлээ.

Сөрөг талыг бууруулахдаа өгөөжийг саармагжуулахгүйгээр зохицуулахад бид анхаарах ёстой гээд “Долоо хэмжиж нэг огтлох асуудлыг бид ярьж байна. Иргэдээ аюул эрсдэлээс хамгаалах зорилгоор нөгөө талд нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж, халдах магадлалаа тооцож ажиллах учиртай. Сүүлийн үед өнөөдрийн сэдвийн хүрээнд маш их эмзэглэж, сөргөөр ярих хандлага их болж байна. Түүнийг нь бид өөгшүүлж, дэвэргэх юм бол үнэхээр том эрсдэлтэй учир сайн бодож, тунгааж, дүгнэж, цэгнэх ёстой” гэв. Энэ хүрээнд дотоодын хууль тогтоомж гаргахаас илүүтэй хүүхдийн эрх хамгаалах чиглэлээр холбогдох агуулга, зохицуулалтаа иж бүрнээр тусгасан НҮБ-ын тогтоолын төсөл санал болгох, олон улсын түвшинд зохицуулах боломж бий гэдэг саналыг хэлсэн.

Ийнхүү Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх мэдээллийг сонссоноор Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency