Монгол Улсад инфляц энэ оны гуравдугаар сард 9.1 хувьд хүрч Төвбанкны зорилтот 8 хувийн дээд хязгаарыг давлаа. Энэ нь өмнөх сараас 0.3 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд буурах бодит хандлага одоогоор ажиглагдахгүй байна. Инфляцын өсөлтийн цаана байгаа гол хүчин зүйлс бол хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, гурил, хүнсний ногооны үнэ өссөн, мөн цалин, тэтгэвэр, цахилгааны тарифын нэмэгдэлтэй шууд холбоотой гэж Монголбанкнаас тайлбарлаж байна.
Монголбанк үнийн өсөлтөд хариу үйлдэл үзүүлэх үүднээс гуравдугаар сард бодлогын хүүг 12 хувь болгон өсгөж, хэрэглээний зээлийг хязгаарлах, арилжааны банкуудын заавал байлгах нөөцийг өсгөх зэрэг алхмууд хийсэн. Гэвч энэ нь эдийн засгийн өсөлтийг хазаарлах эрсдэлийг ч мөн дагуулж байна. Хүү өссөнөөр бизнес эрхлэгчдийн зээлийн ачаалал нэмэгдэж, хэрэглэгчдийн худалдан авах чадвар саарна. Ийнхүү инфляцыг тогтоох гэсэн бодлого богино хугацаанд иргэдийн амьдралд хүндээр тусах төлөвтэй байна.
Монголбанкны шинжээчдийн оны эхэнд хийсэн тооцооллоор 2025 оны эхний улиралд инфляц 9.0-9.9 хувьд хүрэх магадлал хамгийн өндөр буюу 30.1 хувьтай, харин 10.0-10.9 хувийн хооронд хэлбэлзэх магадлал 29.7 хувьтай гэж таамаглаж байв. Харин хамгийн эрсдэлтэй нь зах зээл дээр зарим шинжээчийн илэрхийлж эхэлснээр гадаад хүчин зүйлсийн нөлөөг бүрэн тооцвол энэ оны эцсийн инфляцын түвшин 12 хувьтай гарах нь тийм ч хол сонсогдохгүй буй ажээ.
Одоогоор инфляц дотоод хүчин зүйлсээр түлхүү өдөөгдөж буй ч гадаад нөхцөл байдлын нөлөөлөл нэмэгдэх эрсдэл бодитой буй юм. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Хятад руу чиглэсэн шинэ тарифуудын нөлөө Хятадын эдийн засгийг сааруулбал Монголын экспортын орлого, төсвийн бүрдүүлэлт дарамтад орох эрсдэлтэй. Учир нь Монгол Улсын гадаад худалдааны 90 гаруй хувь нь БНХАУ-тай холбогддог билээ.
Төгрөгийн ханш суларч буй нь ч мөн инфляцад түлхэц болж буй. Голлох валютуудтай харьцах үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сулрах тусам импортын бараа, тэр дундаа өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдэж инфляцыг улам дэвэргэнэ.
Үүнийг дагаад Төвбанк ч хүнд нөхцөлд шийдвэр гаргах болно. Өөрөөр хэлбэл, инфляцыг барих уу, эсхүл өсөлтийг сааруулах уу гэдэг дээр сонголтын алтан дундаж болж магадгүй юм. Юутай ч үнийн өсөлт иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлж буй энэ үед инфляцын шалтгааныг зөв тодорхойлж бодитой бодлого хэрэгжүүлэх нь чухал сорилт хэвээр байна.
Эх сурвалж: CNBC MONGOLIA
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй