ХЗБХ ажлын хэсэг байгуулж, УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ

2025-04-10

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо энэ сарын 9-ний өдөр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэн, холбогдох Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг байр сууриа илэрхийлж, зарим асуудлаар төсөл санаачлагчаас тодруулга хийсэн. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасныг баримтлан хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гаргав. Эл горимын саналыг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 14 гишүүний 10 нь дэмжсэн тул  холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр баталсан юм. Энэ хүрээнд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, С.Эрдэнэболд нар ажиллах юм.

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар хэлэлцэн, холбогдох Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. Б.Энхбаяр гишүүн, ажлын хэсгийн ахлагчийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, төслүүдийн хэлэлцүүлгийн шатанд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх зохицуулалтад анхаарах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийллээ. Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудаас Эрүүгийн хуулиар зохицуулагддаг байсан ажлын байрны дарамтын талаар асуудлыг Зөрчлийн хуулиар шийдвэрлэдэг болсон талаарх шүүмжлэл ирүүлээд байгаа талаар Д.Цогтбаатар дарга хэлээд ажлын хэсгийн хүрээнд энэ талаар судлах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа хэллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг мөн хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооны холбогдох тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир гишүүн ахалж ажиллах бол бүрэлдэхүүнд Д.Ганбат, Б.Заяабал, М.Нарантуяа-Нара, Л.Соронзонболд нарын гишүүд ажиллана.

Байнгын хорооны хуралдааны үеэр Д.Цогтбаатар дарга Дархан-Уул аймагт ажиллан, олон улсын жишигт нийцсэн шүүхийн барилгын шав тавих ёслолд оролцсон талаараа мэдээлэл танилцуулсан.

Хуралдаанаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар Х.Тэмүүжин гишүүн танилцуулга хийлээ. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөхтэй холбоотой Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийн талаар буюу энэ төрлийн тодорхой шийдвэртэй холбоотой гомдлыг нэр бүхий иргэн шүүх, Үндсэн хуулийн цэцэд гаргаад байгааг дурдав. Үүнтэй холбоотой Үндсэн хуулийн зөрчил үүсээд байгаа талаар Х.Тэмүүжин гишүүн дэлгэрэнгүй тайлбарлаад Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Г.Уянгахишиг дээрх танилцуулга болон уг саналтай холбогдуулан асуулт асууж, Х.Тэмүүжин гишүүнээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан. Хэлэлцүүлгийн явцад гишүүдээс уг санал болон үүсээд буй нөхцөл, хууль тогтоомжийн уялдааг судлах, холбогдох судалгаа, мэдээлэлтэй сайтар танилцах хугацаа шаардлагатай хэмээх санал гарч байв. Иймд уг асуудлын хэлэлцүүлгийг долоо хоног хойшлуулах саналыг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гаргаж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн юм.

Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хараат бусаар, зоригтой ажиллахыг прокурорын байгууллагын хамт олонд уриалаад, хуулийн дагуу шударга ёсыг сахиулж ажиллахыг хүсэв. Хууль зүйн байнгын хороо бүрэн дэмжиж ажиллана хэмээгээд хүний эрхийг хангаж, хууль дээдлэх ёсыг бэхжүүлснээр авлигыг бууруулах ёстой гэдэг байр суурийг илэрхийллээ. Түүнчлэн тус байгууллага дотоод хэрэгцээндээ хиймэл оюуныг нэвтрүүлэн, дотоод хяналтдаа ашиглах боломжийн талаар санал хэлээд “Прокурорын байгууллагын хараа хяналтад Монгол Улсын иргэний дархан эрх хамгаалагдах ёстой” гэв.

Ингээд Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд Банзрагчийн Жаргалсайханыг томилох асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 12 нь дэмжсэн. Иймд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency