Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар энэ 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг анх удаа зохион байгуулж байна. 6-р сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар арга хэмжээг нээн үг хэлж, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих талаар манай улсын бодлого, үйл ажиллагааг танилцуулсан билээ.Тэгвэл өнөөдөр өглөө Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Герман Улсын Гадаад хэргийн сайд Анналена Бербоктой албан уулзалт хийж, дараа нь хамтарсан хэвлэлийн хурал хийв.
Хурлаар Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок хэлэхдээ:
Манай хоёр орны хувьд ардчилал, хүний эрх, хуулийн засаглалыг дээдэлсэн үнэт зүйлс нэгтэй.Эдийн засаг, ашигт малтмал, сэргээгдэх эрчим хүч гэх гурван салбарт бид хамтын ажиллагаагаа нягт уялдуулж хөгжүүлнэ гэж харж байгаа.
Манай орон ОХУ-аас хамааралтай энэ цаг үед ханган нийлүүлэлтийн сүлжээгээ илүү төрөлжүүлэх бодолтой байгаа. Эрчим хүч болон ашигт малтмалын салбарт энэ хамаарлаа бууруулах зорилго тавьсан.
Олон улсын түвшинд хамтын ажиллагаа чухал гэдгийг бид ярилцсан. Зөвхөн НҮБ-ын хүрээнд биш Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд бид үйл ажиллагаагаа идэвхжүүлэхээр санал нэгдсэн.
Монгол Улсын хөрш хоёр орны геополитикийн нөхцөл байдал хүнд үед гуравдагч хөршүүдтэйгээ хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байгааг хараад би гайхаж биширч байна. Хэмээсэн юм.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй