“WeChat”, “Youku”-д Монгол уран бүтээлчдийн оюуны өмчийг хамгаалахаар тохирлоо

2023-06-30

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийн хамтаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Тэгвэл айлчлалын хүрээнд Соёлын сайд Ч.Номин БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Лү Инчуаньтай уулзлаа.

Уг уулзалтаар дараах чиглэлд хамтран ажиллахаар талууд санал солилцов. 2019-2022 онд хэрэгжүүлсэн соёлын солилцооны хүчинтэй хугацаа дууссантай холбогдуулан хоёр улсын соёлын яамд соёлын солилцооны төлөвлөгөөг 4 жилийн хугацаатайгаар шинэчлэн байгуулах асуудлаар санал солилцов. Түүнчлэн Кино хамтран бүтээх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ онд багтаан байгуулах боломжийг судлан, төсөл солилцох, Кино зөвлөлийн хоорондын хамтын ажиллагааг бий болгох асуудлын талаар санал солилцов. Мөн БНХАУ-ын “Wechat”, “Youku” зэрэг олон нийтийн сүлжээнд Монгол уран бүтээлчдийн оюуны бүтээлийн оюуны өмчийг харилцан хамгаалах асуудлаар баримт бичиг боловсруулж, мөрдөхөөр талууд тохиролцов.

Соёлын салбарт ажиллаж буй төрийн албан хаагчдыг Хятад улсад богино болон дунд хугацааны сургалтуудад хамруулах, оюутан залуусыг кино, цирк, театрын зэрэг нарийн мэргэжлээр БНХАУ-ын их, дээд сургууль суралцуулах чиглэлээр ажиллахаар боллоо.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх “Үндэсний урлагийн их театр”-ын төслийн хэрэгжилтийг ханган ажиллах зэрэг асуудлаар уулзалт зохион байгууллаа.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency