МУГТ Э.Цэндбаатар ялалт байгуулж, Төв Азийн аваргын бүсээ хамгааллаа

2025-02-17

МУГТ Э.Цэндбаатар Төв Азийн аваргын бүсийн төлөөх “Night of Champions Ulaanbaatar-2025” тэмцээнд өрсөлдөгч Педро Родригесыг буулган авч, 6-р үед илт давуугаар ялалт байгуулж, Төв Азийн аваргын бүсээ хамгааллаа.

Сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байсан МУГТ Э.Цэндбаатар, Педро Иван Бернал Родригес нарын тулаан болж, Э.Цэндбаатар өрсөлдөгчөө энэ сарын 16-нд “АСА АРЕНА”-д үзэгчдийг доргион буулган авсан юм. Монгол Улсад анх удаагаа болсон энэхүү тэмцээнд гадаад дотоодын 14 тамирчин оролцсон юм.

Энэ тулаан болохоос сарын өмнө Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэдээлэл хийх үеэрээ  мэргэжлийн боксын өөрийн жингийн аваргын бүс хамгаалах 12 дахь тулаанаа хийх болсноо мэдэгдсэн. Тэрбээр мэргэжлийн боксын спортод 11 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан бөгөөд тэр дундаа тавд нь хүнд цохилтоор өрсөлдөгчдөө буулган авч байсан юм. Эдгээр тулааныхаа зургааг нь АНУ-д, гурвыг нь ОХУ-д, хоёрыг нь БНХАУ-д хийсэн бол энэ удаагийнх Монголд боллоо. Тэрбээр энэ удаагийн тулаанд ялбал ирэх тавдугаар сард болох Дэлхийн аваргад өрсөлдөх боломж нээгдэнэ гэж мэдэгдсэн.

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency