Нийслэлийн хэмжээнд энэ өвөл таван дүүргийн 37 хорооны 46 байршлын газар халиа тошинд автжээ. Улаанбаатар хотод өнгөрсөн оны зун олон жилийн дунджаас их хур тунадас орсны улмаас хөрсний ус дээшилж, улмаар халиа, тошин үүсэх нөхцөл бүрдсэн гэж холбогдох албаныхан тайлбарлав. Үүнтэй холбогдуулан нийслэл, дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагын давхардсан тоогоор 256 ажилтан албан хаагч, 113 техник хэрэгсэлтэйгээр газар дээр нь ажиллаж, 47 487 шоо метр суваг шуудуу татсан байна. Мөн 2500 тонн мөс гаргаж тээвэрлэх, далан босгох зэргээр арга хэмжээ авсан гэв. Түүнчлэн халиа, тошинд автсан 93 айлын газрыг чөлөөлүүлж, нүүлгэн шилжүүлжээ. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу Дэнжийн мянга орчимд хоёр байршил одоогоор халиа, тошинд автаад буй гэнэ. Геодез, усны барилга, байгууламжийн газрынхан өчигдөр арга хэмжээ авахаар ажиллаж байв. Тус газрын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдорж “Бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ноос эхлэн халиа, тошин үүссэн газруудад өдөр бүр ажиллан, цас, мөсийг нь цэвэрлэж, зөөж тээвэрлэн, суваг шуудуу гаргаж байна. Дэнжийн мянгын орчимд жилийн дөрвөн улиралд урсацтай хоёр булаг ундардаг. Тиймээс жил бүр халиа, тошингоос сэргийлэх арга хэмжээ зохион байгуулдаг. Одоогоор авто зам руу ус орохоос сэргийлж, 400-500 метр суваг татаж байна” гэлээ. Мөн өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баян-Уулын гудамжинд халиа, тошин үүссэн байв.
эх сурвалж:newspress.mn
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй