Автобусны дамжин суух төхөөрөмж ажиллаагүй бол Нийтийн тээврийн бодлогын газарт мэдээлэл өгөхийг зөвлөлөө

2025-02-04

Энэ сарын 01-ны өдрөөс эхлэн Чингис хаан олон улсын нисэх буудал, Багануур, Багахангай чиглэлээс бусад чиглэлд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих зохицуулалт хэрэгжиж эхлээд буй. Шинэ зохицуулалтаар иргэд өдөрт 1000 төгрөг төлөөд чиглэл харгалзахгүй, цагийн хязгааргүйгээр өдөрт дөрвөн удаа зорчих боломжтой. Гэтэл зарим нийтийн тээврийн дамжин суух систем ажиллахгүй байгаагийн улмаас иргэд илүү төлбөр төлж зорчих асуудлууд гарч байгаа талаар олон нийт шүүмжлээд буй.

Энэ талаар иргэд сошиал орчинд Хайлааст, Богд-Араас-Зайсан чиглэлд явдаг зарим автобуснуудын буух хаалганы дамжин суух төхөөрөмж ажиллахгүй байгаа талаар мэдээлээд буй. Бид уг асуудлаар Нийтийн тээврийн бодлогын газраас тодруулахад, ” Шинэ зохицуулалт хэрэгжиж эхлэхээс өмнө бид бүх автобусны дамжин суух төхөөрөмжийг хянаж, шалгасан. Зарим тохиолдолд төхөөрөмж хөлдөх, гацах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Иймд иргэд хэрэв тухайн чиглэлд явж буй нийтийн тээврийн дамжин суух төхөөрөмж нь ажиллахгүй байгаа бол Нийтийн тээврийн бодлогын газарт гомдол гаргаж, мэдээлэл өгөх боломжтой. Бид мэдээллийн дагуу хяналт, шалгалт хийж засварлана” гэлээ.

эх сурвалж:newspress.mn

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency