Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд энэ сарын 23-ны өдөр Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нарын гишүүд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Улсын Их Хурлын дарга 2024 оны 72 дугаар захирамжаараа Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар тус ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Н.Батсүмбэрэл, Ц.Мөнхбат, З.Мэндсайхан, Б.Пунсалмаа, Д.Пүрэвдаваа, Б.Энхбаяр нар ажилласан юм.
Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөөний холбогдох зорилт, заалтад нийцүүлэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг санаачлан боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, олон нийтийн оролцоог хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг нийтлэх, сурталчлах, түүний хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж буй Хууль тогтоомжийн тухай хуульд шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлагатай хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Түүнчлэн 2015 оноос хойш Хууль тогтоомжийн тухай хуулийн 93 хэсэг, 54 заалтад, давхардсан тоогоор нийт 111 хэсэг, 64 заалтад өөрчлөлт орж хөндөгдсөн тул бүтэц, нэр томьёо, агуулгыг жигдлэх хууль зүйн техникийн шинжтэй засвар, өөрчлөлтийг хийх шаардлага үүссэн байна.
Түүнчлэн хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэр, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний талаарх өөрчлөлтүүдийг төсөлд тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар хуулийн хэрэгжилт, үр нөлөө сайжрахын зэрэгцээ аливаа хууль тогтоомж Үндсэн хуулийн суурь зарчим, хэм хэмжээний агуулгад нийцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан эрх зүйн орчин бүрдэх юм байна. Хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчил арилж, хэм хэмжээ тогтоосон захиргааны бусад хэм хэмжээний акт, дүрэм, журмыг батлах асуудал цэгцэрч, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үйл ажиллагааны чанар, үр өгөөж нэмэгдэхийн сацуу хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахдаа судалгаа, үнэлгээг үндэслэдэг болох ач холбогдолтой юм.
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй