Боловсролын ерөнхий хуулийг 2023 оны 07 сарын 07 – ны өдрийн УИХ – ын тогтоолоор баталж өмнө нь мөрдөгдөж байсан Боловсролын тухай хуулийг хүчингүй болгосонтой холбогдуулан тус хуулийн 43.2.5 – д заагдсан “нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох” гэсэн заалт цаашид мөрдөгдөх боломжгүй болсон. Мөн НИТХ-аас 2024 оны хоёрдугаар сард гаргасан тогтоолоор “нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт өөрчлөлтийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ” гэж тогтоосны дагуу цаашид Улаанбаатар хотод суралцаж буй оюутан, суралцагчдын нийтийн тээврээр зорчих зардлын хөнгөлөлтийг санхүүжүүлэх хуулийн үндэслэл байхгүй тул 2025 оны 1 сарын 1 – нээс эхлэн оюутанд олгогдох хөнгөлөлт цуцлагдах нөхцөл байдал үүссэн. Тиймээс оны эхний өдрөөс эхлэн оюутнууд 1000 төгрөг төлж автобусанд зорчиж буй. Тэгвэл уг асуудлыг эсэргүүцэж оюутнууд нийтийн тээврийн хөнгөлөлтийг буцаан сэргээхийн тулд гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Тодруулбал: “Боловсролын ерөнхий хуулинд оюутны нийгмийн баталгаатай холбогдолтой чухал заалт болох “нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох” хэсгийг буцаан оруулах саналтай байна.” гэжээ. Одоогоор 6000 орчим хүн нэгдэж гарын үсгээ зуржээ.
эх сурвалж:newspress.mn
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй