Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо энэ сарын 27-ны өдөр гишүүдийн 54.5 хувийн ирцтэй хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, энэ талаар Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулав. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.6 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаар тогтоолыг баталж, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн бүртгэлийг олон нийтэд 14 хоногийн хугацаанд зарласан юм. Бүртгэлийн хугацаанд 4 хүн тус албан тушаалд нэр дэвших хүсэлт, материалаа ирүүлснийг танилцуулаад 2 нэр дэвшигчийг сонсголд оруулахаар санал хураалтаар шийдвэрлэнэ гэв.
Хуралдаанаар үргэлжлүүлэн “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагч сонгох, сонсголын бэлтгэх хангахтай холбоотой дэг батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төслийн талаар Байнгын хорооны дарга танилцуулсан. Төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 69.2 хувь нь дэмжин баталлаа.
Байнгын хорооны тус тогтоолд холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсголыг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулахаар, тус нэр дэвшигчийн сонсголын даргалагчаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарыг сонгохоор тусгажээ. Түүнчлэн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15:00 цаг хүртэл нэр дэвшигчээс асуулт асуух, саналыг цахимаар болон шуудангаар хүлээн авах, сонсголд оролцох, ажиглах иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авахаар болжээ.
© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй