ХЗБХ: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

2024-12-18

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.12.18) хуралдаан гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсголын тайлан, ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцуулав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн сонсголыг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан бөгөөд тэрбээр сонсгол, түүний үе шат, явуулсан ажиллагааны танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлд заасны дагуу сонсголд оролцсон гишүүд нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайланг гаргасан байна. Нэр дэвшигч М.Алтан-Очир, С.Энхбаатар нарыг хуульд заасан болзол, шалгуурыг хангаж байгаа тул Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын тайланг явуулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсан хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандлагаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн талаарх Улсын Их Хурлын хяналтын сонсголын тайлан, Байнгын хорооны дээрх тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулсан.

П.Сайнзориг гишүүний танилцуулсан Улсын Их Хурлын хяналтын сонсголын тайлан, Байнгын хорооны холбогдох тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, С.Эрдэнэболд, Х.Номинчимэг, Н.Алтанхуяг, М.Нарантуяа-Нара, Х.Тэмүүжин, Ж.Алдаржавхлан нар асуулт асууж, хариулт авав. Дараа нь “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын тайланг явуулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэлээд, санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжив.

Дараа нь “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бөгөөд хэлэлцүүлгийн явцад зарим асуудлыг гүйцээн боловсруулах шаардлагатай хэмээн үзэж, саналууд гаргасан учраас төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав.

 

© 2025 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency