Хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

2024-12-10

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдөр буюу (2024.12.09)-ний өдөр хуралдаан 14 цаг 17 минутад гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов. Засгийн газар 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухайЭрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Улсын Их Хурал Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хэлэлцэн баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадаад зах зээлийн тогтворгүй байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэн 2025 оны төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай гэсэн үндэслэлээр 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Улмаар Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээн авч “алдагдалгүй төсөв батлах” чиглэл өгсний дагуу Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг шинэчлэн боловсруулж, дахин өргөн мэдүүлсэн юм. Төсвийн төсөлд зардлыг бууруулахдаа дараах зарчмыг баримталжээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Нийгмийн халамжийн сангаас олгох хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмжийг бууруулаагүй байна. Мөн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж зэрэг өрхийн орлогыг дэмждэг төсвийн бүхий л зардлуудыг хэвээр үлдээжээ. Түүнчлэн гадаад зээлийн үйлчилгээний төлбөр, мөн хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос төсвийг нь хянаж, ирүүлсэн Хүний эрхийн Үндэсний Комисс зэрэг байгууллагын урсгал зардлыг бууруулаагүй байна.

Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав  танилцуулав. Аудитын зорилго нь Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангасан эсэх, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх зорилтод нийцсэн эсэхийг хянаж, дүгнэхэд чиглэсэн гэдгийг тэмдэглэсэн юм. Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тус Байнгын хороонд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийг дараах байдлаар төлөвлөжээ. 2025 төсөвт төвлөрүүлэх орлогыг Хууль зүй, дотоод хэргийн сайд 81.2 тэрбум төгрөг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 0.5 тэрбум төгрөг, нийтдээ 81.7 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 төсөвт төвлөрүүлэх орлогыг 0.1 тэрбум төгрөгөөр бууруулжээ.

Ирэх оны төсвийн төсөлд зардлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд 1,758.1 тэрбум төгрөг, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч 31.9 тэрбум төгрөг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 339.9 тэрбум төгрөг, Шүүхийн сахилгын хорооны дарга 6.5 тэрбум төгрөг, Улсын ерөнхий прокурор 157.9 тэрбум төгрөг,  Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга 14.9 тэрбум төгрөг, Авлигатай тэмцэх газрын дарга 56.9 тэрбум төгрөг, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга 1.3 тэрбум төгрөг, нийт 2,367.4 тэрбум төгрөг байхаар тооцсон байна.

Энэ нь өмнөх 2025 оны суурь төсвөөс Хууль зүй, дотоод хэргийн сайдын зардлыг 77.6 тэрбум төгрөгөөр, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн зардлыг 1.0 тэрбум төгрөгөөр, Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын зардлыг 0.7 тэрбум төгрөгөөр, Авлигатай тэмцэх газрын даргын зардлыг 1.3 тэрбум төгрөгөөр, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын даргын зардлыг 0.1 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын төсвийг 20.2 тэрбум төгрөгөөр, Шүүхийн сахилгын хорооны даргын төсвийг 0.1 тэрбум төгрөгөөр, Улсын ерөнхий прокурорын төсвийг 12.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт дүнгээр 48.2 тэрбум төгрөгөөр бууруулсан хэмээн Ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав танилцуулав.

Ирэх оны төсвийн төсөл урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлал, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн хэдий ч анхаарах ёстой асуудлууд бий хэмээгээд тэрбээр дэлгэрэнгүй танилцуулсан.

Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, С.Эрдэнэболд, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, Дав.Цогтбаатар, Дам.Цогтбаатар нар Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Сангийн сайд, Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, хууль сахиулах байгууллагуудын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг тусгасан эсэхийг тодруулсан гишүүдийн асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд хариулахдаа “Цагдаа, шүүх шинжилгээний алба хамгийн их дотоод томилолттой байдаг, маш их бичиг цаасны ажилтай. Гэтэл дотоод албан томилолт, бичиг хэргийн зардлыг механикаар 50 хувиар бууруулахаар байна. Орон тооны асуудал ч хөндөгдөж байна. Засгийн газрын тогтоолоор ус хангамжийн эх үүсвэрүүдийг хамгаалах үүрэг хүлээсэн. Харин бидэнд хүний нөөц, төсөв байхгүй. Халаасны хулгайтай тэмцэх чиглэлээр 19, дүүргүүдэд сэтгэлзүйч 8, 3 орон тоотой эрүүлжүүлэх саатуулах байрны эмчийн орон тоог 9 болгох гээд бүр хасаж, танасаар зайлшгүй хэрэгцээтэй байгаа эдгээр орон тоог тусгасан байсан ч хасахаар болж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч сард буюу ажлын 20-21 хоногт 270 гүйцэтгэх хуудсыг шийдвэрлэх болж байна. Орон тоог нэмэх зайлшгүй шаардлагатай. Хорихоос төрлийн өөр ял эдэлж байгаа 350 хүнийг 1 шийдвэр гүйцэтгэгч хянаж байна. Нэг хүн гүйцэтгэх боломжгүй ачаалал. Энэ бүхэн эргээд хүний эрхийн зөрчил үүсэх суурь шалтгаан болдог. Хүний эрхийг хангах үйл ажиллагаанд голчлон оролцдог хууль сахиулах байгууллагуудын зардлыг танаснаар үйл ажиллагаа доголдох эрсдэл үүсэж байна” хэмээлээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга гишүүдийн тодруулсны дагуу түрээсийн зардалтай холбоотой асуултад хариулт өгсөн бол Цагдаагийн ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нар орон тоотой холбоотой асуудлаар мэдээлэл өгсөн. Сангийн сайдын зүгээс төсвийн төслийн төлөвлөлтийн хүрээнд аливаа төрийн үйл ажиллагаа, үйлчилгээ доголдох нөхцөл үүсэх ёсгүй гэдэг тайлбарыг хийж байв. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн зардлыг бууруулсан, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8 дахь заалтын хэрэгжилтийг хангах, төсвийн төлөвлөлтийг эрэмбэлэх бололцоотой эсэх асуудлаар гишүүд асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency