Жанрайсигийн урд талбайд гал тахих үйлийг Монгол хэлээр унших нь энэ жилийн онцлог юм.

2024-11-25
11 сарын 25- нд буюу Зулын 25- ны дүйчэн өдөр 15:00 цагт Жанрайсигийн урд талбайд гал тахих үйлийг Монгол хэлээр унших нь энэ жилийн онцлог юм.
Хамба номун хаан Д.Жавзандорж ламтан ширээнд залрахдаа МБШТөв- Гандантэгчэнлин хийдийн хурал номоос тодорхой уншлагуудыг Монголоор уншина гэсэн уриалга өрнүүлээд тэр ажил маань үе шаттай хэрэгжиж байна. Үүний нэг нь гал тахих зан үйлийг Монголоор унших үйл явдал юм.
Гал тахих судрууд Монгол бичгээр ч төвд хэлээр ч туурвисан олон янзын судрууд байгаагийн дотроос Монгол ламын зохиосон гал тахилгын судрыг сонгож аван орчуулаад олон нийтээр унших явдал юм.
Гал тахилгын зан үйлийг Жанрайсиг дацангийн лам хурвагууд голлон хийнэ. Зүгийг тэтгэгч 15 тэнгэр бий гэж үздэг түүний нэг тэнгэр нь галын тэнгэр юм. Зүүн урд зүгт морилж, галыг эрхшээлж галд оршиж байдаг гэж үздэг. Эдгээр 15 тэнгэрт ном эрдэмд нь барцад саадгүй байх, мөн энэ насанд өвчин зовлон тэргүүтэй янз бүрийн саадаас хамгаалж байхыг даатгаж ирсэн уламжлалтай.
Гал тахилгын зан үйлийн гол агуулга, дараалал нь:
Урин заллага- Лам нар хоосон чанар, бодь сэтгэлийг үүсгэж урин зална. Гал бурханыг дүрслэхдээ улаан сэрх ямааг хөлөглөсөн 4 мутартай, цагаан өнгөтэй торгоор өөрийн биеийн чимсэн дүртэй хэмээдэг.
Галын бурханыг зүүн урд зүгээс урин залж галд оршоох зан үйл юм
Тахил өргөлийн хэсэг- энэ бол нийтийн бусын тахил өргөдөг. Балин тэргүүтэй тахил өргөлийн зан үйл болно
Үйлс даатгалын хэсэг – энд 4 үйл даатгадаг.
– Амирлуулах үйл даатгалд Монгол орон нийтээрээ янз бүрийн өвчин зовлон, хэрүүл тэмцэл, хямрал тэргүүтэй харшлах шалтгаан муу зүйлийг амирлуулж байхыг даатгана.
– Дэлгэрүүлэх үйлд нас буян хишиг яруу алдар, алив сайн сайхан бүхнийг дэлгэрүүлж хайрлахыг даатгаж байдаг.
– Эрхэнд хураах үйлд- өөрийн санасан бодсон үйл хэрэг тэр бүхэнд хурж ирэхийг сэтгэж бодож даатгадаг
– Хатуу үйл- янз бүрийн хэл ам тэргүүтэй хатуу үйлийг дарахыг даатгадаг.
Галын хишиг даллага- Монголын ард түмнийг сайн, сайхан байлгах хэрэгтэй эд зүйлс оюун ухаан бүх зүйл нь дэлгэрч сайн сайхан байхыг даатгадаг энэ үйл болно.
Төгсгөлд нь Өлзий оршоолго буюу Өлзий хутгийг оршоох ийм хэсгүүдээс гал тахилгын зан үйл бүрдэж байгаа юм.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency