Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын, дэд хороо хэлэлцэн хүлээн авсан, Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлэг хүсэлт гаргасан, эсхүл Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулна” гэж заасан байдаг.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс гаргасан хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр (2024.11.20) хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсголд зохион байгуулж байна. Хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг даргалж байгаа бөгөөд Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 10 цаг 48 минутад эхэллээ.
Өнөөдрийн хяналтын сонсголд ажиглагчаар оролцохоор хүсэлтээ ирүүлсэн 2 иргэн, төрийн байгууллагын төлөөлөл 37 оролцож байгаа бол төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөлллөөр оролцохоор бүртгүүлсэн 75 оролцогчийн 46 нь хүрэлцэн ирсэн хэмээн ирцийг П.Сайнзориг гишүүн танилцуулав. Хяналтын сонсголд оролцох хүсэлтээ ирүүлсэн нийт 122 оролцогчийн 85 нь ирж, цахимаар оролцох хүсэлт ирүүлсэн 2 иргэн холбогдсон гэдэг мэдээллийг танилцууллаа.
Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байлгах, тэдний сонсголд оролцох, ажиглах боломжийг хангах зорилгоор Монголын Үндэсний олон нийтийн телевизийн шууд дамжуулалтад дохионы хэлмэрч ажиллаж байгааг дурдав.
Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг танилцууллаа. Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын мэдээлэл, Улсын ерөнхий прокурорын газраас эрүү шүүлт тулгах гэмт хэрийн талаарх мэдээлэл, Улсын дээд шүүхээс энэ төрлийн гэмт хэргийн шүүхийн шийдвэрлэлт ба гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар танилцуулах юм.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй