“Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал” хэлэлцүүлэг боллоо

2024-11-01

УИХ-ын  Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооЭрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа,  Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар хамтран аравдугаар сарын 30-ны өдөр “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэг төрийн бусад байгууллагын үйл ажиллагаан дахь конвенцын суурь зарчмуудын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, хэтийн төлөв болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэхэд иргэний нийгмийг татан оролцуулах сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөжээ.

Энэ үеэр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хэлэлцүүлгийг нээж үг хэллээ.

Тэрбээр, хүний эрхийг хангах нь эхлэлтэй ч төгсгөлгүй тэмцэлтэй яг адилхан. Эрүүдэн шүүлтийн эсрэг тэмцэл бол төгсгөлгүй тэмцэл гэдгийг онцолж хэлье. Эрүүдэн шүүлтийн олон улсын нэмэлт протоколд эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий механизм нь төсвийн хараат бус байдлыг хангасан байхаар тусгасан. Тиймээс нэн тэргүүнд Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, түүний Нэмэлт протоколд нийцүүлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаатай холбогдох зохицуулалтад нэмэлт, өөрчлөлт оруулаххараат бус байдлыг бүрэн баталгаажуулах, эрх зүйн орчныг нэг мөр бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Олон улсын гэрээ конвенцид заасан Convention against Torture гэдгийг монгол хэлнээ анх орчуулахдаа эрүүдэн шүүлт гэж утга агуулгыг хязгаарлаж орчуулснаас болж зөвхөн хууль хяналтын байгууллага бус бусад салбарт гарч байгаа хүнлэг бус, хэрцгий хандах, нэр төрийг доромжлон харьцах зэрэг хүний эрхийн зөрчлийг бүрэн илэрхийлэх боломжгүй болгосон юм. Энэ асуудал манай улсын нэгдэн орсон гэрээ конвенцыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсэж байгаа эсэхийг анхаарах ёстой гээд хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency