Энэ 9 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд “Climate Fresk” буюу “Уур амьсгалын зураглал” байгууллагаас манай улс дахь хамгийн анхны сургалтаа МУИС, ШУТИС болон Сайншанд дахь Политехникийн коллежийн оюутнуудын дунд зохион байгууллаа. Сургалтыг “Бадрах Энержи” компанийн санаачлага, дэмжлэгтэйгээр зохион байгуулсан байна.
Уур амьсгалын өөрчлөлт нь бид бүгдэд нөлөөлж байдаг нарийн, төвөгтэй асуудал бөгөөд дэлхийн хүн амын ихэнх нь энэ талаар ойлголт муутай байдаг. Тиймээс “Climate Fresk” ТББ нь 2018 оны сүүлээс эхлэн хувь хүн, байгууллагуудыг уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдээлэл авч, оролцоход нь туслах зорилготой ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлт бол бидний өмнө тулж ирээд байгаа асуудал бөгөөд түүний нөлөөг бууруулах цогц шийдлийн нэг нь эрчим хүчний шилжилт юм.
Тус байгууллага нь уур амьсгалын талаарх боловсролыг эрс дээшлүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүссэн сорилт бэрхшээлийн талаарх ойлголтыг түгээдэг юм. Ингэхдээ Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх засгийн газар хоорондын хорооны тайлангаас иш татан сургалтандаа ашигладаг бөгөөд төвийг сахисан, бодитой бөгөөд зөвхөн шинжлэх ухааны, нотлогдсон баримтуудыг танилцуулдаг байна.
“Climate Fresk” байгууллага нь уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд туслах бүтээлч алхам, үйлдлийг хийхийг сургалтанд оролцогчиддоо уриалж иржээ.
Уг сургалт манай улсад зохион байгуулагдсанаар Монголын оюутан, залуус уур амьсгалын өөрчлөлтөд шат ахисан хариу үзүүлэх дэлхийн 157 улсын 1.5 сая хүнийг хамарсан хөдөлгөөнд нэгдлээ.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй