2024 оны есдүгээр сараас охид, хөвгүүдэд товлолын дагуу папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг хийхээр болов.
2023 оны аравдугаар сард Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг заавал хийх вакцины тоонд багтаасан байдаг. Хуульд 11 насныхныг дархлаажуулалтад хамруулахаар тусгасан бол бусад насныхан сайн дурын дархлаажуулалтад хамрагдах боломжтой бөгөөд ХӨСҮТ-д уг вакциныг хийж буй юм.
Хүний папиллома вирусээр үүсгэгддэг умайн хүзүүний хавдар Монголд эмэгтэйчүүдэд тохиолдох хорт хавдрыг тэргүүлж байна. Тиймээс Засгийн газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдэд уг вакциныг хийхээр тусгажээ.
Дархлаажуулалтын тухай хуульд зааснаар заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга ордог юм байна.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй