УРАН БҮТЭЭЛЧ Ч.ӨНӨРЖАРГАЛЫН “FOR YOU” БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭНГ “УЛААН ГЭР” ГАЛЕРЕЙД ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТОЛИЛУУЛНА

2024-06-05

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн “Улаан гэр” галерей нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих, таниулан сурталчлах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх  зорилгынхоо хүрээнд уран бүтээлч Ч.Өнөржаргалын “For You” бие даасан үзэсгэлэн 2024 оны 6-р сарын 4-ний 17:00 цагаас нээлтээ хийх гэж байна.

Үзэсгэлэнд түүний сүүлийн 3 жилийн хугацаанд бүтээн туурвисан чимэглэлийн болон орчин үеийн уран зургууд мөн керамик бүтээлүүдийг онцлох юм

2017 онд БНХАУ-ын Бээжин хотноо зохиогдсон 5 дахь удаагийн олон улсын урлагийн биеннальд Монголын урлагийг төлөөлөн оролцсон түүний бүтээлүүдээс хайр энэрэл, өвөрмөц өгүүлэмж, нууцлаг бэлгэдэл, философи агуулсан хадны зургийн дүрслэлийг орчин үеийн интерьерт холбон бүтээсэн байгааг харах боломжтой.

Ч. Өнөржаргал (1971 онд төрсөн, Улаанбаатар, Монгол) нь хүн, байгалийн бэлгэдлийн уялдаа холбоог өгүүлэхийн тулд нүүдэлчдийн амьдралын тухай уран бүтээлүүдийг голчлон туурвидаг, бэлгэдлийн дүр дүрслэлийн хэв маягаараа өөрийгөө илэрхийлдэг өвөрмөц зураач юм.

Тэрээр сургуулиа төгссөнөөс хойш амьдралынхаа хором мөч бүрд тасралтгүй уран бүтээлээ туурвисаар ирсэн. Түүгээр ч барахгүй түүний бүтээлүүд нарийвчилсан судалгаанд тулгуурладаг байна. Тэрээр уран бүтээлийнхээ техник, арга барил, зохиомж, өнгөний бүтэц, хөдөлгөөн бүр дээрээ тууштай ажиллаж, жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг үзэсгэлэнд өөрийн бүтээлээ танилцуулж байгаа нь Монгол төдийгүй олон улсын үзэгчид, урлаг сонирхогчдын анхаарлыг татдаг.

“For You” үзэсгэлэн 6-р сарын 4-нөөс 24-нийг дуустал, 10:00-18:00 цагийн хооронд, МУЗ-ийн “Улаан гэр” галерейд нээлттэй толилуулагдах тул Та бүхнийг урьж байна.

 

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency