Улаанбаатар хотын иргэдийн байнга гаргаж тавьдаг ч шийдэж чаддаггүй асуудлын нэг бол авто замын түгжрэл. Гэхдээ одоо арай өөр өнцөгөөс харах цаг болжээ. Бид огт түгжрэлгүй замыг хүсээд байдаг. Гэтэл улс орны нийслэл, хүн амын бараг тал нь Улаанбаатарт амьдарч байхад энэ зэргийн түгжрэл байх асуудал. Харин хэрхэн жил ирэх бүр автомашины тоо нэмэгдэж байгаа, тэр бүрд нь хэрхэн зохицуулалт хийж өдөр бүр тэг зогсчихгүй байх вэ гэдгийг авч үзэх хэрэгтэй болжээ.
Замын түгжрэл таны зөвхөн цагийг үрээд зогсохгүй агаар, орчны бохирдол, эрүүл мэнд, эдийн засаг зэрэг шууд болон дам нөлөөллийг үзүүлж байдаг. Жолооч зам дээр өдөрт хоёр цагийг түгжрээнд өнгөрөөдөг гэж үзвэл жилд 35 өдөр болох юм. Тэгвэл машины түгжрэл голлон юунаас үүсэж байна вэ. Энэ талаар ярилцъя.
Хариуцлагаас зугтсан зам биднийг түгжрэлд хүргэнэ
Монгол Улсын эдийн засаг өссөнтэй холбоотой 2010 оноос хойш автомашины импорт нэмэгдсэн. Энэ нь хэрэгцээний асуудал боловч эрх баригчид анхнаасаа үүнд зохицуулалт хийсэнгүй. Жишээ нь, Сингапурын хувьд 1970-аад оноос байгаль орчин, иргэдийнхээ эрүүл мэнддээ анхааран хэдий өөрсдийн гэсэн машин үйлдвэрлэдэггүй ч автомашины импортод өндөр татвар тогтоосон байдаг. Тэд 1990 он гэхэд хүссэн үр дүндээ хүрч дэлхийн хамгийн цэвэр агаартай улсын нэг болсон.
Манай улсад бүртгэлтэй 670 мянган машин байгаагаас идэвхтэй замын хөдөлгөөнд оролцдог 470 мянган машин байдаг гэсэн судалгаа бий. Дугаарын хязгаарлалт бусад хүчин зүйлийг тооцвол өдөрт 230-240 мянган машин байнга замын хөдөлгөөнд оролцдог гэсэн үг. Гэтэл Улаанбаатар хотын авто замын сүлжээ 140 мянган машин явахад зориулагдсан байдаг.
Нийт автомашины 40% нь даатгалгүй, 38% нь үзлэг оношилгоонд ороогүй, 78% нь торгуулиа төлөөгүй гэж ТЦА гаргасан судалгаанд өгүүлжээ. Энэ нь жолоочдын хариуцлагагүй байдал, баталгаагүй техник ашиглаж байгааг харуулж байгаа юм. Манай улсад автомашины зохицуулалт сул байдаг болохоос бусад улс орнуудад өөр өөрсдийнхөө онцлогт тохирсон дүрэм журамтай байдаг. Жишээ нь, Сингапурт зургаан жил унасан автомашиныг хөдөлгөөнд оролцуулдаггүй. Эсвэл бензиний үнийг өндөр байлгаж, машинтай байх татварыг өндөр тогтоодог. Манай улсын хувьд даатгалгүй, үзлэг оношилгоонд ороогүй, торгуулиа төлөөгүй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх хотын дүрмийг баталж болох юм.
Ажилдаа очиж, ирэх хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авах нь замын түгжрэлийг бий болгодог. Тэгвэл энэ асуудал Өмнөд Солонгос бусад салбартай хамтран шийдэж чаджээ. Эрх баригчид байрны түрээсийг бага байлгаж, нүүлгэх үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Ингэснээр хот дотроо, бусад хотод ч ажлынхаа ойр байх боломжийг бүрдүүлсэн. Харин Монгол Улсын нийт ААН-үүдийн 77% нь Нийслэлд төвлөрдөг. Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийгдсэн судалгаагаар Их тойруу, хотын төв рүү өдөрт дунджаар 200 мянга орчим автомашины хөдөлгөөн бүртгэгдсэн гэжээ. Үүнээс харахад ААН-үүдийг салбар, чиглэлээр нь хотын зүг бүрд системтэйгээр тараан түгжрэлийг бууруулж болох юм. Тэгвэл хотын аль хэсгээр, хэдэн цагийн үед илүү ихээр түгжирч байгааг харцгаая.
Харин сургууль, цэцэрлэгийн асуудлыг өмнөх нийгмийнхээ туршлага дээр үндэслэх боломжтой. Тухайн газартаа бүртгэлгүй ч гэсэн цэцэрлэг, сургууль авдаг байх, цэцэрлэг, сургуулийг хот, хөдөөгүй ижилхэн стандартай болгох юм.
Улаанбаатарт өдөрт том, жижиг 200 гаруй осол гардаг гэсэн тооцоо бий. Осол гарахад замын цагдаа дуудаж, асуудлыг шийдэх гэсээр тодорхой цаг зарцуулдаг. Замын цагдаа ирэх гэж өөрсдөө түгжрэлд ордог. Харин бусад улс оронд жижиг ослыг даатгалын компаниуд шийддэг, аль эсвэл хоорондоо харилцан тохирох зэргээр хялбар аргаар түгжрэл үүсэх эрсдэлийг багасгадаг. Гэвч харилцан тохирох нь жолооч нар нэгэндээ хүндэтгэлтэй хандах, хувь хүний ухамсрын асуудалтай холбоотой. Хэрэв ийм жишгийг нэвтрүүлж чадвал замаа хурдан хугацаанд суллах нь бас нэгэн том алхам болно. Мөн жолооны үнэмлэх авахын тулд тусгайлсан курсэд сурах хэрэгтэй юу гэдэг дээр асуулт төрдөг. Ер нь яагаад дунд сургуулийн дунд, ахлах ангиас чанартай жолооч бэлтгэж болохгүй вэ. Бодох л асуудал.
Тэгвэл нэг авто замын осол хэр түгжрэл үүсгэж байгааг харцгаая.
Зоорь шиг хүйтэн автобусанд амьсгалах ч зайгүй явснаас машиндаа хэдэн цагаар ч болтугай түгжирсэн нь дээр
Иргэд нийтийн тээвэр цэвэрхэн, өвөлдөө дулаахан, зундаа сэрүүхэн, жолооч нар тамхи татдаггүй, хоосон замд хурдаа тохируулан явдаг, замд явахдаа шатах, эвдрэх эрсдэлгүй бол хувийн машинаараа явах шаардлагагүй гэсэн хариултыг өгдөг. Энэ нь ч үнэн. 2022 оны байдлаар Монгол Улсад нийт 1240 нийтийн тээвэр байгаагаас 75% нь арваас илүү жил ашигласан,дундаж насжилт 9,5 жил байна. Сонирхолтой нь нийтийн тээврийн импорт 2008 оноос 3 дахин буурчээ.
Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлагад “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг хориглоно” гэсэн заалт бий. Гэтэл манай нийтийн тээврийн талаас илүү хувь нь энэ ангилал руу орж байна. Мөн автобус саадгүй зорчих нөхцөлийг хангаж чадахгүй адилхан түгжирч байгаа нь иргэдийг хувийн машиндаа түгжирч байсан нь дээр гэсэн хандлагыг төрүүлдэг. Нийтийн тээвэр зорчих тусгайлсан эгнээг бий болгосон ч зөвхөн Энхтайваны өргөн чөлөөнд хамаарагддаг. Өөрөөр хэлбэл дахин авто зам шинээр тавихаар бол Энхтайваны өргөн чөлөө шиг нэг талдаа гурван эгнээ байхыг бодолцох хэрэгтэй.
5. Замын сүлжээний дутагдал
Монгол Улсын авто замын сүлжээний нийт урт 2020 оны байдлаар 1135.7 км. Үүнээс гол зам 148.7 км, туслах зам 226 км, хороолол дундах зам 761 км болон 70 гаруй гүүр, гүүрэн гарц байна.
Улаанбаатар хотын хэвтээ чиглэлийн гол коридор болох Энхтайваны өргөн чөлөө 2019 оны байдлаар түгжрэлийн түвшин VCR нь 3.0-аас дээш буюу өндөр ачаалалтай байгаа нь замын хөдөлгөөний түгжрэлийг үүсгэх нөхцөл болжээ. Замын түгжрэлийг бууруулахад өөр бусад замыг ч харгалзаж үзэх хэрэгтэй. Явган хүний замыг засаж сайжруулах, явган хүний зам, машин замаас таслан авч дугуйн зам тавигүй байх шийдлийг олох явдал юм.
Эдгээр асуудал замын түгжрэл үүсэхэд гол шалтгаан болж байна. Бид ойрын хугацаанд метро бариад түгжрэлийг бууруулж чадахгүй гэдэг нь олон жилийн хий хоосон горьдлого төрүүлсэн амлалтаас харсан. Гэтэл энэ хооронд автомашины тоо нэмэгдсээр байна.Энэ нь бидэнд гарц, шийдлийг заавал хайх хэрэгтэйг сануулсаар байгаа юм. Энд нэг ойлгох зүйл бол түгжрэлийг бууруулахад эрх баригчдын шийдвэр, оролцооноос гадна жолооч нарын ухамсар зайлшгүй. Бид зөвхөн хувийн эрх ашгаа бодвол “тэг зогсолт” гэсэн сэдэв байсаар байна. Үүний оронд өөр зүйлд анхаарлаа хандуулмаар байна шүү дээ.
ТҮГЖРЭЛ ТАНЫ ГАРТ
Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил гэсэн илүү том зүйлийг ярьмаар байдаг. Гэтэл машиндаа түгжирч, элдэв хошигносон пост оруулж, фм сонсож, хаана бие засах вэ гэдэгт л толгой ажиллаж байна. Түгжрэл ойлгомжтой, гэхдээ зохицуулах боломж байна. Төр, засгийн импортын машины ирэх 10, 20 жилийн бодлого, гадаад улсаас, дотоодоосоо авч хэрэгжүүлж болох туршлага, нийтийн тээврийн шинэчлэл, шинэ автозамыг тавих, эгнээг нэмэгдүүлэх зэрэгт судалгаатай, шийдвэртэй алхам хийх, мөн жолооч таны амин хувиа бодохгүй байх гэсэн ухамсар юм.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй