Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүүхэд хамгааллын ууган байгууллага “Өнөр бүл хүүхдийн төв”-д ажиллалаа.
Ерөнхийлөгч “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн хамт олон, үе үеийн багш, ажилчид, төгсөгчид, одоо хүмүүжиж байгаа хүүхэд, багачуудад түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Төр, засгаас хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр тодорхой бодлого, шийдвэр гарган хэрэгжүүлж, энэ онд гэхэд л энэ салбарын санхүүжилтыг өмнөх жилүүдээс 73 хувиар нэмж, 14 орчим тэрбум төгрөг болгосныг тэмдэглэв.
Ойрын 2-3 жилд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулах шийдвэр гарч, шаардагдах хөрөнгийн тодорхой хувийг ирэх оны төсөвт тусгахаар болсныг хэллээ. Ерөнхийлөгч мөн тус төвд нэн шаардлагатай байсан тоног төхөөрөмж, тавилгыг төвийн хамт олонд хүлээлгэн өгөв.
Ирэх оноос сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулан, хүүхэд бүрд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг бүрэн хүргэхийн зэрэгцээ хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэр тодорхой болсныг тодотголоо. Хүүхэд хамгааллын тухай хууль 2024.09.01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ хэлэлцэж байна. Засгийн газрын 2024 оны 121 дүгээр тогтоолоор “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д өөрчлөлт оруулсан. Энэ дагуу төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа хүүхэд бүр данстай болсон бөгөөд 14 ба түүнээс дээш насны хүүхдүүд мөнгөнийхөө 80 хувийг банканд хадгалуулж, 20 хувийг өөрөө захиран зарцуулж байна. Хүүхдийг 16 нас хүрснийх нь дараа хадгаламжийн дэвтрийг нь өөрт нь өгч байх юм.
Улсын хэмжээнд 29 төвд 900 гаруй хүүхэд амьдарч байна. Эдгээр төвийн гурав нь улсын төсвийн, 26 нь олон улсын болон төрийн бус байгууллага, хувь иргэний санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг юм.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй