Диаспора: Судалгаанд хамрагдсан монголчуудын 61 хувь нь эх орондоо буцахаар төлөвлөжээ

2024-04-16

Манай улсад өнөөдөр хилийн чанадад суугаа монголчуудын эх оронтойгоо холбогдох холбоо, харилцааг сайжруулах шаардлага тулгараад байна. Ингэснээр улс орны хөгжилд тэдний оруулах боломжийг тэлэх юм.

Энэ талаар ГХЯ-нд өнөөдөр болсон “Монгол диаспора-Өнөөгийн нөхцөд байдал-нээлттэй боломж” сэдэвт уулзалтаар хэлэлцлээ. Диаспора гэдэг нь гадаадад суралцах, ажиллах, суурьших зэргээр аялахаас бусад бүх зорилгоор урт болон дунд, богино хугацаагаар амьдарч буй иргэдийг хэлдэг байна.

Өнөөдрийн байдлаар монголчууд хамгийн ихээр суугаа орнуудад БНСУ, АНУ, БНХАУ, Япон, Казахстан, Австрали, Чех улсууд орж байна. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийн 62.4 хувь нь эмэгтэйчүүд байна. 70 гаруй хувь нь буюу 4-ний гурав нь дээд боловсролтой иргэд, 67.1 хувь нь мэргэжилтнүүд байгаа статистик тоон мэдээллийг ҮСХ-ны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд танилцууллаа.

Тэрбээр, гадаадад байгаа монголчуудын 46 хувь нь буюу тэн хагас нь сүүлийн 1-5 жилийн хугацаанд гарчээ. Судалгаанд хамрагсдын 61 хувь нь эх орондоо буцаж ирэхээр төлөвлөж байна. Олон жилээр амьдрах тусам хувийн жин нь буурч буй дүр зураг харагдаж буйг хэллээ. Судалгааг хоёр төрлөөр, гадаадад амьдарч буй монголчуудын 90, түүнээс дээш хувиар буюу хамгийн олноор амьдарч буй 15 орныг сонгон, 1865 иргэнээс түүврээр авчээ.

-Судалгаагаар голлон юуг дүгнэн гаргаж байна вэ?

-Гадаадад шилжих хөдөлгөөний явцад тодорхой хүндрэлүүд байгааг гаргаж ирж байгаа юм. Үүнд, тэд эх орныхоо талаарх мэдээллээр думаг байна. Ажил олдохгүй байх, ажиллах зөвшөөрөл одохгүй байх зэрэг хүндрэлтэй ихэвчлэн тулгарч байна.

Эх орондоо буцаж ирэхээр төлөвлөж буй иргэдийн хувьд эрүүл тав тухтай орчныг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах,эдийн засгийг тогтвортой байлгах зэрэг амьдрах орчин, нөхцөл, нийгмийн үйлчилгээг сайжруулах асуудлыг шийдвэрлэхийг илүүтэй хүссэн.

-Гадаад суугаа монголчуудын хөрөнгө оруулалт, шилжүүлж буй мөнгөн дүн хэд байна? Түүнийгээ юунд зарцуулж байна вэ?

Гадаад улсад оршин суугаа нэг иргэн жилд дунджаар 29 сая орчим төгрөгийг ихэвчлэн өрхийн өдөр тутмын хэрэгцээнд зориулан илгээж байгаа тоон мэдээлэл гарсан гэв.

Гадаад дахь монголчууд эх орондо жил бүр 260 сая ам.доллар шилжүүлж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгийн панелист оролцогч, санхүүгийн финтек компани “Сэндли ББСБ”-ын ТУЗ-ийн дарга Б.Наранбат хэлэхдээ, “Бид сүүлийн 6 жил БНСУ, АНУ, Австрали, Япон зэрэг монголчууд олноор сууж байгаа гадаадын бүх улсаас төлбөр тооцоо, мөнгөн шилжүүлгээр үйлчилж ирлээ. Хилийн чанадад суугаа монголчууд эх орондоо байгаа юм шиг л үйлчилгээг авч байгаа. Онлайнаар ийм боломжуудыг нээж бий болгоод байна.

Дараагийн бидний хийх ажил нь гадаадад байгаа монголчуудыг орон сууц худалдан авах зээлд хамруулж эхлээд байна. Тодруулбал, монголд орон сууц захиалан авах вэбсайт нээж, тэдний дэмжсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ нь тэд ирээдүйд, хэзээ нэгэн цагт эх орондоо ирж суурьшихад амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм” гэдгийг тодотгон хэллээ. Түүнээс зарим зүйлийг тодруулж асуулаа.

-Удахгүй УИХ-ын сонгууль болно. Танай онлайнаар үйлчилгээ авч байгаагийн адил гадаадад суугаа монголчууд саналаа цахимаар өгч сонгуульд оролцох боломжтой юу?

-Техник, технологийн хувьд гүйцэтгэхэд хэцүү, нарийн үйл ажиллагаа. Энэ талаар төр, засаг цааш цаашид анхаарах хэрэгтэй байгаа юм. Хувийн хэвшил өнөөдрийн байдлаар зөвхөн санхүүгийн үйлчилгээ үзүүлж байна.

-Хилийн чанад дахь монголчуудаас эх орондоо шилжүүлж буй мөнгөн дүнгийн тоо хэр нэмэгдэж ирэв?

-Жил бүр 260 сая ам.доллар шилжүүлж байгаа. Энэ хэрээр Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулж, валютын эх үүсвэр нэмэгдэж байгаа. Дээрх мөнгөн шилжүүлгийн 160 сая ам.доллар нь БНСУ-д байгаа монголчуудаас ирж байна. 2022 оны тоогоор 119 сая ам.доллар орж ирж, 40 хувиар буурсан. Энэ оных гараагүй байна. Урьдчилсан байдлаар оны эхний 3 сарын байдлаар 100 сая орчим ам.доллар орж ирээд байна.

Нөхцөл байдал трэнд, хэлбэрийн хувьд өөрчлөгдөж байна. Харин явж байгаа, очиж ажиллаж буй хүний тоо бол цөөрөөгүй. 3 сараар ажиллаж буй иргэд бэлэн мөнгөтэй ирж байна. Мөн бараагаар шилжүүлж байна гэв.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency