Ашер Свиденский арван жил үргэлжилсэн аялалаа “Залгамжлагсад” бие даасан үзэсгэлэнгээр танилцуулж байна.

2024-04-11

Ашер Свиденский арван жил үргэлжилсэн аялалаа “Залгамжлагсад” бие даасан үзэсгэлэнгээр танилцуулж байна.

Израйль улсын гэрэл зурагчин Ашер Свиденскийн 10 жилийн турш хэрэгжүүлсэн “Залгамжлагсад” төслийг танилцуулах гэрэл зургийн үзэсгэлэн “Улаан гэр” галерейд 4-р сарын 12-оос 23-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй толилуулагдах гэж байна.

“Залгамжлагсад” гэрэл зургийн төсөл нь соёл, иргэншлийн ялгаатай залуу үеийнхэн өөрсдийн олон жилийн түүхт өв уламжлалаа хадгалан хамгаалж буй үйл явцыг харуулсан ба соёлын өв, уламжлалыг гүнзгий судлахын сацуу дэлхийн өнцөг булан бүрт байгаа залуу үеийнхэнд соёлыг хамгаалах үйлсэд оролцохыг уриалж, соёлын өвийг хамгаалагчдын нүдээр дамжуулан харуулахыг зорьжээ.

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Баримтат гэрэл зургийн “Батзориг” сан, Монголын Урлагийн Зөвлөл, “Улаан гэр” галерей хамтран зохион байгуулж буй “Залгамжлагсад” гэрэл зургийн үзэсгэлэн нь алдарт “Бүргэдийн анчин охин Айшолпан”-аас эхлэн, олон улс орнуудын залуу уламжлагч нар өв соёл, өвөрмөц ур чадваруудыг хэрхэн бахархалтайгаар өвлөн авч явж буй агшинг буулгасан ба соёлын солилцоо, үе хоорондын харилцааг бэхжүүлэх зорилгоор арван жил үргэлжилсэн аялалыг багтаасан юм.

Үзэсгэлэнгийн хүрээнд төслийг хэрхэн бүтээсэн үйл явцын талаар түүхүүдээ хуваалцах уулзалт болон “Гэрэл зургаар түүх өгүүлэх нь” мастеркласс олон нийтэд нээлттэй зохион байгуулагдана.

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Л.Жаргалсайхан:

“Залгамжлагсад бол зүгээр нэг гэрэл зургийн аялал биш. Энэ нь өнгөрсөн үеийг одоотой нэгтгэсэн, соёлын өвийн мөнхийн сүнслэг байдлын тод томруун нотолгоо юм.

Залуу залгамжлагчдын түүхийг Монголын олон нийтэд түгээхэд Ашер Свиденскийтэй хамтран ажиллаж байгаадаа бид үнэхээр бахархалтай байна”

Гэрэл зурагчин Ашер Свиденскийн тухай:

Ашер Свиденский нь түүхэн өгүүлэмж гаргах ур чадвараараа алдаршсан бие даасан гэрэл зурагчин, кино найруулагч юм. Түүний үндсэн ажлууд National Geographic, BBC болон бусад олон төрлийн хэвлэлд нийтлэгдэж хүлээн зөвшөөрөгдсөн. Свиденский мөн НҮБ-ын Хүүхдийн сан, The Nature Conservancy болон бусад ОУТББ-уудад зориулж олон тооны богино хэмжээний кино найруулсан бөгөөд TEDx, Оксфордын Байгалийн түүхийн музей, НҮБ-ын Ази, Номхон далай дахь төв байр зэрэг нэр хүндтэй индерт гарч байсан

Таныг “Залгамжлагсад” гэрэл зургийн үзэсгэлэнгээр зочилж, дэлхийн олон янзын өв уламжлал, өгүүлэмжийг шимтэн үзэхийг урьж байна.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency