МУЗ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ О.ОДГЭРЭЛИЙГ “УРЛАГ, УТГА ЗОХИОЛЫН ХҮЛЭГТ БААТАР” ЗЭРГИЙН ОДОНГООР ШАГНАЛАА

2024-04-10

Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын өвийг хадгалж хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор 22 жилийн өмнө байгуулагдсан Монголын Урлагийн Зөвлөл ТББ-ийн гүйцэтгэх захирал Одончимэдийн Одгэрэлийг БНФУ-ын Засгийн газраас олгодог “Урлаг, утга зохиолын хүлэгт баатар” зэргийн одонгоор шагналаа.

“Хүлэгт баатар” зэргийн одонг 1957 оноос эхлэн жил бүр салбартаа онцгой хувь нэмэр оруулсан, улсдаа төдийгүй дэлхий дахины соёл урлаг, нийгэмд түүчээ болж буй үлгэр жишээ 400 гаруй хүнд олгодог байна.

(Тухайлбал дуучин Shakira, жүжигчин Eva Green, зохиолч Kazuo Ishiguro, дуучин, загвар өмсөгч, жүжигчин Vanessa Paradis, уран бүтээлч Olafur Eliasson зэрэг алдартнууд хүртэж байсан бол Монголын урлагийн салбарт бүжиг дэглээч Д.Баярбаатар, уран нугараач Л.Энхцэцэг, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл нар тус одонгийн эзэд болж байжээ.)

Одончимэдийн Одгэрэл нь Монголын Урлагийн Зөвлөл ТББ-ийг байгуулагдсан цагаас хойш хөтөлбөрийн зохицуулагч, хөтөлбөрийн захирал, 2016 оноос одоог хүртэл гүйцэтгэх захирлын албан тушаалыг амжилттай хашиж, Монголын соёл урлагийн хөгжлийн төлөө баг хамт олноо амжилттай удирдаж яваа манлайлагч билээ.

 

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency