Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтыг 129 иргэн төгсөж, ажилдаа орлоо

2024-04-03

Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарын хүрэлцээг нэмэгдүүлж, ажлын орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор В, С ангиллын жолооны эрхтэй иргэдийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэ төлбөргүй хамруулахаар болсон. Энэ хүрээнд сургалтад нийт 1807 иргэн бүртгүүлснээс эхний ээлжид 400 гаруй нь хамрагдаж, одоогийн байдлаар 129 нь сургалтаа дүүргэн, ажилдаа орж байна. Түүнчлэн автобусны жолоочийн цалин 1.5-2.5 сая байсныг 3-3.5 сая болгон нэмэгдүүлсэн юм.

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт үйлчилгээний хэлтсийн дарга С.Нямдорж: Сургалтын хүрээнд мэргэшлийн мэдлэг, дадлага олгохоос гадна нийтийн тээврийн стандартыг хэрэгжүүлэх, дүрэмт хувцсаа өмсөх, тамхи татахгүй байх, утсаар ярихгүй байх зэрэг шаардлагыг хэлж, мэдээлэл өгч байгаа. Мөн D ангилалтай, дадлага туршлагатай олон иргэн манай байгууллагад хандаж, ажиллах хүсэлтээ өгч байна. Жолооч нар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу өдрийн 8 цагаар, хоёр ээлжээр ажиллаж байгаа бөгөөд засвар үйлчилгээ, угаалгад оролцолгүй, мэргэшсэн ажилтнууд гүйцэтгэж байгаа юм. Ажлын өдрүүдэд манай нэгтгэлээс үйлчилгээнд явж буй 350 автобусыг өдөр тутам угааж, цэвэрлэдэг хэмээлээ.

Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтыг энэ оныг дуустал зохион байгуулж, бүртгүүлсэн нийт иргэдийг бүрэн хамруулах аж.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency