ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 87.2 хувиар Путин үнэмлэхүй ялалт байгуулжээ

2024-03-18

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин үнэмлэхүй ялалт байгуулж, тав дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр боллоо. Энэ нь 1991 онд Борис Ельцин Ерөнхийлөгчийн сонгуульд 74.2 хувийн санал авч байснаас хойших хамгийн өндөр дүнд тооцогдож байна. Судлаачдын таамагтай таарч, Владимир Путин энэ удаагийн сонгуульд өрсөлдөөнгүй ялалт байгуулан, ОХУ-ын Төрийн эрхийг дахин зургаан жил барихаар боллоо. 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбээр 77 хувийн саналаар ялалт байгуулсан нь дээд үзүүлэлт болж байсан бол энэ удаа урьдчилсан дүнгээр 87.2 хувийн санал аваад байна. Владимир Путин дэмжигчдэдээ хандан “ОХУ зарим бүс нутагт эхлүүлсэн томоохон төлөвлөгөөндөө заавал хүрнэ” гэж мэдэгдлээ. Мөн тэрбээр БНХАУ-ыг дэлхийн тавцанд амжилттай явааг сайшаасан нь хоёр улсын харилцаа ирэх жилүүдэд улам бэхэжнэ гэсэн дохио боллоо хэмээн шинжээчид үзэж байна. Үүнээс гадна ням гарагт буюу сонгуулийн сүүлийн өдөр Москва, Санкт-Петербург хотын санал авах зарим байрны гадна иргэд эсэргүүцлээ илэрхийлж жагсжээ. Энэ нь ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өнгөрсөн сард шоронд нас барахынхаа өмнө Владимир Путиний сонгуулийг эсэргүүцэхийг уриалж байсантай холбоотой байж болохоор байна. ОХУ-д эзлэгдсэн Украины бүсүүдэд ч мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах ажиллагааг зохион байгуулжээ. Тэдгээр бүсэд Украин хариу довтолж олон сая иргэн дүрвэн гарсан байгаа ч  сонгуулийн ирц 80 гаруй хувьтай байсныг албаныхан мэдээлсэн байна. Харин Украины талаас санал хураалтын дүнг худал гэж мэдэгджээ.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency