Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор 3 дугаар сарын 1-ээс 7-ны өдрүүдэд “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг улс даяар зохион байгуулж байна.
Эдгээр өдрүүдэд Дүрслэх урлагийн музей дээр танка зурагт туссан бүсгүй хүний дүр бүхий бүтээлийн цуглуулгаар “Бүсгүйгүйчүүдийн дүр Дүрслэх урлаг-4” тусгай үзэсгэлэн, Чингис хаан Үндэсний музей дээр О.Доржготовын монголын 21 хүрээн хийдийн зургийг түүхийн судалгааны дээр үндэслэж сэргээн бүтээсэн “Хоосон чанарыг тольдхуй” үзэсгэлэн, Монголын үндэсний музей дээр монголын нүүдэлчдийн хэрэглэж ирсэн аяганы цуглуулгын “Нүүдэлчдийн аяга” номын нээлт, эх орончдын өдөрт зориулсан “Монгол төрийн бэлгэдэл Алтан соёмбо” болон “Уламжлалт Монгол тоглоом”, “Ухаант Цэцэнхүүгийн музейн аялал” боловсролын хөтөлбөрүүд, Монгол Цэргийн музейгээс “Төрийн цэргийн хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй цэргийн албан хаагчдыг алдаршуулах” гэрэл зургийн үзэсгэлэн зэргийг тус тус зохион байгуулна.
Музей нь тухайн улсын өнгөрсөн одоо цагийн оюуны сан үнэт зүйлийг цуглуулж, хадгалж хамгаалж, түүнд дээрээ тулгуурлан олон нийтэд үндэсний түүх, соёл, ондоошил онцлогийг илэрхийлсэн мэдлэг мэдээллийг түгээж байдаг хамгийн тэгш хүртээмжтэй соёл гэгээрлийн байгууллага юм. Энэ утгаараа нийгмийн хөгжлийг дэмжих, оюунлаг иргэнийг төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулан 2018 оноос эхлэн “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг улс орон даяр зохион байгуулж үзэгчдэд нээлттэй “үнэ төлбөргүй” үзүүлж ирсэн ба энэ хүрээнд музейд зочлох үзэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй