Бангладешийн нийслэл Дакад өндөр байшинд гарсан түймрийн улмаас 43 хүн амиа алдсан нь тогтоогдоод байна.
Бангладешийн Эрүүл мэндийн сайд Саманта Лал Сен баасан гарагийн өглөө Хятадын Шинхуа агентлагт өгсөн мэдээлэдээ “Пүрэв гарагийн шөнө Бангладешийн нийслэл Дака хотын нэгэн өндөр байшинд гал гарч, 43 хүн нас барсан” болохыг баталжээ.
Энэхүү мэдэгдэлдээ тэр 33 цогцсыг Дака дахь Анагаах ухааны коллежийн эмнэлэгт, 10 хүний цогцсыг Дака дахь Шейх Хасинагийн нэрэмжит Түлэнхийн болон гоо сайхны мэс заслын үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгсөн гэж тодотгожээ.
Дака дахь Гал түймрийн алба, иргэний хамгаалалтын штабын байцаагч Анварул Ислам “Green Cozy Cottage худалдааны төв”-өөс 75 орчим хүнийг, түүний дотор 42 ухаангүй байдалтай байсныг аварч, хэд хэдэн эмнэлэгт хүргэсэн бөгөөд 21:30 цагийн орчимд гал гарсан тухай мэдээлэл хүлээн авсны дараа гал сөнөөгчдийг явуулсан гэж тус агентлагт мэдээлжээ. Гал унтраах 12 анги шуурхай ажиллаж 23:30 цагийн орчимд галыг бүрэн унтраасан байна.
Албаны хүний хэлснээр долоон давхар байшинд ресторан, худалдааны цэг болон бусад хэд хэдэн дэлгүүр байдаг, цаашид түймрийн улмаас үрэгдэгсдийн тоо нэмэгдэх хандлагатай байхыг гал сөнөөгч байгууллагаас анхааруулав.
Баасан гарагт орон нутгийн телевизийн мэдээлснээр барилгын зарим хэсэгт гал авалцсан хэвээр байна, галын шалтгааныг шууд мэдэх боломжгүй гэв.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй