Х.Баттулга нарыг торгуулахаар ЦЕГ-ын даргад ханджээ

2024-01-23

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зохион байгуулсан нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан ч ирээгүй хүмүүст Зөрчлийн хуулиар шийтгэл ногдуулахаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдод хандаж, албан бичиг илгээжээ.

Хоёр үе шаттай зохион байгуулсан нүүрсний сонсголд нийт 200 гаруй хүн гэрчээр дуудагдсанаас 74 хүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй аж. Тиймээс Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулахаар харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн нь энэ аж.

Нүүрсний сонсгол зохион байгуулагдах үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан тэргүүтэй албан тушаалтнууд ирээгүй гэж нэрээ зарлуулж байв.

УИХ-аас зохион байгуулсан сонсголд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар иргэнийг 100 мянгаас 300 мянган төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг 2000-4000 нэгжээр торгохоор зохицуулсан байдаг ажээ.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency