Монгол Улс 44 орны 130 цэг рүү нислэг үйлдэх боломжтой боллоо

2024-01-23

Өнөөдөр /2024.01.23/ Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт нар агаарын харилцааны тухай хэлэлцээр байгууллаа.

Ингэснээр манай улс дэлхийн 44 улсын 130 цэг рүү нислэг үйлдэх, хоёр орны хооронд шууд нислэг гүйцэтгэхээс гадна Европ болон Төв Азийн орнуудаар дамжин нисэх боломж бүрдэж байгаа юм.

Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2000 оны гуравдугаар сарын 1-ний өдөр байгуулж байсан.
ИБУИНХУ Европын Холбооноос гарсантай холбогдуулан тус хэлэлцээрийг шинэчлэн байгуулж байгаа юм. Талууд энэ удаагийн уулзалтаар агаарын тээвэр, төмөр зам, авто тээвэр зэрэг салбаруудад хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр ярилцжээ.

Шинэчлэн байгуулсан хэлэлцээрт “Хууль, дүрэм дагаж мөрдөх”, “шударга өрсөлдөөн”, “нислэгийн аюулгүй ажиллагаа”, “аяллын дугаар хамтран ашиглах”, “түрээс”, “хөөрөлт, буултын слот”, “газрын үйлчилгээ”, “олон төрөлт агаарын тээвэр”, “хүрээлэн буй орчны хамгаалал”, “олон улсын иргэний нисэхийн байгууллагад бүртгүүлэх” зэрэг шинэ заалтууд нэмэгдсэн хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency