Цагаан сараас өмнө нэг иргэнд 110-120 мянган төгрөгийн ногдол ашиг өгнө

2024-01-18

“Эрдэнэс Тавантолгой” компанид 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд ногдол ашиг тараах эсэх асуудлыг ярьж байгаа билээ. Ингэхдээ 2022, 2023 оны ногдол ашгийг тараах бөгөөд 2022 оны ногдол ашгийг Цагаан сарын өмнө олгох юм байна.

Засгийн газар 2022 онд “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосон учраас тухайн жилд ногдол ашиг тараахгүй гэсэн шийдвэр гаргаж байсан ч ийнхүү сонгуулийн өмнө хоёр жилийн ногдол ашгийг иргэдэд тараахаар боллоо.

2022 онд тус компани 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан бол 2023 онд гурван их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. 2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг эзэмшүүлэх УИХ-ын тогтоолыг өчигдөр баталсан. Ингэснээр тус компанийн 25 орчим хувийг иргэд эзэмшинэ. Тиймээс компанийн цэвэр ашгийн 25 орчим хувийг иргэдэд ногдол ашиг болгож тараана гэдгийг албаныхан хэлж байгаа. Тиймээс 2022 оны ашгаас иргэн бүрд 110-120 мянган төгрөгийг Цагаан сарын өмнө олгохоор ажиллаж байна. Харин 2023 оны ногдол ашгийг дөрөвдүгээр сард олгоно гэдгийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат хэлсэн. Харин 2023 оны ногдол ашиг ойролцоогоор 300 орчим мянган төгрөг байх бололтой.

Одоо “Эрдэнэс Тавантолгой” компанийн 81.5 хувийг төр, 25 орчим хувийг иргэд, 0.06 хувийг 486 аж ахуйн нэгж эзэмшиж байна. УИХ-ын баталсан тогтоолоор хувьцаагүй иргэдэд хувьцаа олгосон бөгөөд одоо 2022 оны ногдол ашгийг тараах боломж бүрдсэн.

Цаашдаа хүн ам өсөөд компанийн 34 хувийг иргэдэд 1072 ширхэг хувьцаа байдлаар олгож дуусахаар шинэ төрсөн иргэддээ 1072 хувьцаа олгох уу, үгүй юү гэдгийг шийдэж чадаагүй, өчигдрийн баталсан УИХ-ын тогтоолд ч энэ талаар тусгаагүй. Мөн 1072 ширхэг хувьцаагаа сургалтын төлбөртөө өгсөн болон буцаагаад төрд зарсан иргэддээ дахин хувьцаа олгох, буцааж зарах, эсэхийг ч шийдэж чадаагүй буюу тодорхой бус байгаа юм.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency