Өвлийн аялал жуулчлалын хугацаанд 240 сая доллар орж ирэх тооцоолол гарчээ

2024-01-12

БОАЖЯ-наас Монгол улсын аялал жуулчлалтай холбоотой мэдээлэл хийлээ.

В.Батчимэг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын албаны дарга

“Монгол улсын Засгийн Газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх 70 гаруй ажлын төлөвлөгөөг баталжээ.  Нэгдүгээр сарын 14-нд Мазаалай мөсөн хотхоны нээлтийг Скай резортод хийнэ. Уг мөсөн хотхонд 50 гаруй Мазаалайн мөсөн урлал байна. Мөн нэг цагт хамгийн олон хүн гулгасан Гиннесийн амжилтыг эвдэх зорилго тавьсан. Гиннесийн амжилт тогтоосноор өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсад сурталчлан түгээх боломжтой.”

Б.Золбадрал Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн дарга

“Өвлийн 5 сарын хугацаанд нийт жуулчдын 23 хувь нь айлчилдаг байна. Тус хугацаанд 140 сая долларын орлого ордог байсан бол энэ жилийн хувьд 240 сая доллар эдийн засагт орж ирэх тооцоолол гарсан. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хил боомтуудын ажиллах цагийн хуваарийг уртасгах, нислэгийн тийз 13-40 хувийн хямдралтай үйлчилж байна. Мөн музей, үзвэрийн газар, ресторанууд воучер гаргаж байгааг онцоллоо.”

О.Мөнхнасан Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Дэд ерөнхийлөгч

“Жуулчдаас хүн бүхэн ашиг хүртэхийг хүсэж байгаа. Ялангуяа нутгийн иргэд. Бид үүн дээр тулгуурлаж малчин айл жуулчдаас орлого олох боломжийг бүрдүүлж өгч байна. Жуулчин малчин айлд очоод үйлчилгээ авна. Үйлчилгээний хөлсөнд хонины өртөг шингэсэн байх юм. Нэг жуулчинд – нэг хонь” хөтөлбөрийг Булган аймаг хэрэгжүүлж байгаа ба жуулчинд зүсэлсэн хонь бүр өөрийн им тэмдэгтэй болж Хөх сүрэг апп-д бүртгэгддэг билээ.”

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency