Өвөлжилт хүндэрсэн аймгуудаас 2 сая хонь авч, Иран руу экспортлоно

2024-01-11

Өвөлжилт хүндэрч байгаа үед малчдыг гарз, хохирол багатай даван туулах зорилгоор Иран улс руу мах экспортлогч аж ахуйн нэгжүүд малчдаас амьд хонь худалдан авч, халал аргаар бэлтгэн экспортлох ажлыг эхлүүлээд байна. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас тодруулахад, амьд хонь малчдаас шууд худалдаж авах ажлыг энэ оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл орон даяар зохион байгуулна.

Мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүд өдөрт 500-1000 хонь хүлээн авах хүчин чадалтай бөгөөд хуваарийн дагуу мал худалдан авч байна. Тиймээс малчид, иргэд аймаг, сумын онцгой комисс болон үйлдвэрүүд рүү шууд хандах хэрэгтэй гэлээ.

Амьд хонь малчдаас худалдаж авч, Иран руу экспортлох ажлын зохицуулалтыг хийж буй толгой компани “Интернешнл Халал Мийт” ХХК юм. Малчид орон нутгийн онцгой комисс, үйлдвэрүүд рүү доорх дугааруудаар холбогдож болохоос гадна зохицуулалт хийж буй нэгжтэй 85002550 дугаар утсаар холбогдох боломжтой байна.

Төрийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэн экспортын баримт бичгийг ажлын найман цагт багтаан олгон, бүх төрлийн махны квотыг цуцалж, агаарын тээврийн экспортыг сэргээсэн зэрэг арга хэмжээний үр дүнд  2023 онд махны экспорт дээд хэмжээнд хүрсэн буюу нийт 80.4 мянган тоннд хүрсэн байна. Энэ жил ч мөн махны экспортыг нэмэхэд харьяа яамнаас анхаарч ажиллаж байгаа аж.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency