2024 оны нэгдүгээр сарын 05-наас 09-ний хооронд буюу сүүлийн 5 хоногийн хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 2012 хүн тусламж үйлчилгээ авчээ. Осол, гэмтлийн дийлэнх шалтгааныг уналтын шалтгаант бэртэл гэмтэл эзэлж байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд халтиргаа гулгаа болон цана чаргатай холбоотой тохиолдол эрс нэмэгдэж байна. Эдгээр өдрүүдэд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан 478, цана чарганаас унаж гэмтсэн 75 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсан байна.
Зөвхөн нэг өдрийн байдлаар буюу 2024 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр халтирч унасан 103, цана чарганаас үүдэлтэй бэртэж гэмтсэн 6 хүн тусламж үйлчилгээ авчээ.
Халтирч унах бэртэл гэмтлийн дийлэнх хувь нь гавал тархи, гар сарвуу, тохой, шуу, хөлийн шилбэ, өвдөг, хүзүү нуруу, аарцаг ясны гэмтэл авч буй юм.
Гэмтлийн хувьд зөөлөн эдийн бэртэл, доргилт, хөхрөлт, няцралтаас илүү мөчдийн хугарал зонхилон тохиолдож буй юм. Хүнд хэлбэрийн гэмтэлд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмгийн хугарал багтаж байна.
© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency
0 cэтгэгдэлтэй