“Төлбөртэй бүсэд амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90 хувь хөнгөлнө”

2023-10-31

Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн “хотын төвийг төлбөртэй бүс” болгох асуудалд тайлбар өгөв.

“Нэгдүгээрт, хууль батлагдсанаар төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй. Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулсны дараа тарифыг НИТХ тогтоохоор тусгасан. Төлбөртэй бүс тогтоох бол 0-27.000 төгрөг байна. Магадгүй 2.000, 5.000, 10.000 төгрөг ч байж болно. Дэлхийн жишгээс харахад, төлбөртэй бүсийн зохицуулалт түгжрэлийг 30 хүртэл хувиар бууруулсан туршлагууд бий. Томоохон хотууд түгжрэлийн бүсээ шийдсэн аргуудаас хамгийн үр дүнтэй нь энэ арга.

Төлбөртэй бүс дотор хүмүүсийг алхах, дугуй унах замуудыг засах ажлуудын бэлтгэл хийгдэж байна. Нийслэлийн түгжрэлийг бид хамтдаа даван туулна. Захиргааны үе шаттай арга хэмжээ авснаар түгжрэлийн асуудлыг шийднэ.

Тэгвэл төлбөртэй бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90 хувь хөнгөлнө. Жишээлбэл, 1.000 төгрөгөөр төлбөртэй бүс рүү нэвтрэх шийдвэр гарлаа гэхэд 100 төгрөг төлнө гэсэн үг. Тойрсон автомашины зогсоолуудыг ажлын цагаар үнэ төлбөргүй байлгана. Зогсоол нэмнэ. Явган хүний зам, дугуйн замыг тусгаарлах чиглэлд ажиллана. Зогсоолын багтаамж хүрэлцэхгүй бол давхар зогсоол болгохоор төлөвлөж байна” гэлээ.

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency