Санал хүсэлт

Стар телевиз нь үзэгчдийн өргөдөл, санал, гомдлыг бичгээр, утсаар, имэйлээр болон биечлэн гэсэн хэлбэрүүдээр хүлээн авдаг.

“ЮНАЙТЕД БРОДКАСТИНГ КОРПОРЭЙШН” ХХК-ийн Стар телевизэд үзэгчдээс ирүүлсэн санал, гомдол, өргөдлийг хүлээн авах, хянан шийдвэрлэх журам

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  • “ЮНАЙТЕД БРОДКАСТИНГ КОРПОРЭЙШН” ХХК-ийн Стар телевизэд /цаашид Телевиз гэх/ хандаж үзэгчдээс амаар, бичгээр, цахим сүлжээгээр гаргасан санал, гомдол, өргөдлийг хүлээн авч хянан шийдвэрлэх үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг тус журмаар зохицуулна.
  • Телевизийн үйл ажиллагаатай холбоотойгоор үзэгчдээс ирүүлсэн санал, гомдол, өргөдлийг хүлээн авч, хянан шийдвэрлэхдээ хууль дээдлэх, ил тод, түргэн шуурхай байдлыг эрхэмлэх, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэх, ялгаварлахгүй байх, нууцыг хадгалах зарчмыг баримтална.
  • Энэхүү журам нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомж болон бусад эрх зүйн акт, Компанийн дотоод журам, дүрэм стандартад нийцсэн байна.

ХОЁР. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

  • Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.
    • “телевизийн хөтөлбөр” гэж бүх төрлийн нэвтрүүлгийг өөрийн эфирээр  дамжуулах хуваарьт оруулсан багцыг;
    • “нэвтрүүлэг” гэж телевизээр дамжуулах зориулалтаар бэлтгэсэн бүх төрлийн контентийг;
    • “мэдээ” гэж Монгол Улсын болон олон улсын цаг үеийн үйл явдлын талаарх өдөр бүрийн тогтмол мэдээллийн нэвтрүүлгийг;
    • “контент” гэж телевизийн эфирээр дамжиж байгаа үг, дуу, тэмдэг, дохио, текст, зураг, график, хөдөлгөөнт дүрс бүхий бүх төрлийн мэдээ, мэдээллийг электрон хэлбэрт хувиргасныг;
    • “санал” гэж телевизийн үйл ажиллагаа, хөтөлбөртэй холбоотой үйлчилгээг сайжруулах, шинэчлэх талаар гаргасан иргэний хүсэлтийг;
    • “гомдол” гэж телевизийн эфирээр цацагдаж буй нэвтрүүлэг, мэдээ, контент болон телевизийн аливаа үйл ажиллагааны улмаас иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг;
    • “өргөдөл” гэж телевизийн эфирээр цацагдаж буй нэвтрүүлэг, мэдээ, контент болон телевизийн аливаа үйл ажиллагааны улмаас иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтээс бусад асуудлаар телевизэд хандаж гаргасан хүсэлтийг хэлнэ. Өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно.
    • “өргөдөл, гомдлыг шийдвэрлэх” гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, тус журамд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг тус тус хэлнэ.

ГУРАВ. ТЕЛЕВИЗ БОЛОН ҮЗЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

  • Телевизийн эрх, үүрэг:
    • Үзэгчдээс санал, гомдол, өргөдөл гаргах нөхцөлийг бүрэн хангах буюу санал, гомдол, өргөдөл хүлээн авах хаяг, утас, цахим хуудас, и-мэйл зэрэг мэдээллийг олон нийтийн цахим хуудсаар олон нийтэд ил тод мэдээлэх;
    • Үзэгчдээс ирсэн санал, гомдол, өргөдлийг заавал хүлээн авах;
    • Санал, гомдол, өргөдөлд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх;
    • Санал, гомдол, өргөдөлд дурдсан хувь хүний нууцыг хадгалах;
    • Санал, гомдол, өргөдөлд үндэслэл бүхий хариу өгөх;
    • Санал, гомдол, өргөдлийн талаар гаргасан шийдвэрийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийг шалгах;
    • Үзэгчээс ирүүлсэн санал, гомдол, өргөдлийн шийдвэрлэлтийн талаар бүртгэл хөтөлж, мэдээллийг хагас жил тутамд Харилцаа холбооны зохицуулах хороонд / цаашид Зохицуулах хороо гэх/ хүргүүлэх;
  • Үзэгчийн эрх, үүрэг:
    • Телевизэд хүргүүлсэн санал, гомдол, өргөдлийн хариуг авах;
    • Гаргасан санал, гомдол, өргөдөлтэй холбогдуулж тайлбар, нотлох баримтыг телевизэд хүлээлгэн өгөх;
    • Санал, гомдол, өргөдлөөс татгалзаж буцаан авах;
    • Телевизээс өгсөн хариуг зөвшөөрөөгүй тохиолдолд зохих дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах;
    • Телевизэд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх;
    • Үнэн, зөв, үндэслэл бүхий өргөдөл, гомдол гаргах;
    • Үзэгч нь санал, гомдол, өргөдөл гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль, бусад хуулийг зөрчих, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалж болохгүй.

ДӨРӨВ. САНАЛ, ГОМДОЛ, ӨРГӨДЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ

  • Телевизэд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг дараах эх үүсвэрээр хүлээн авна:
    • “Стар” телевизийн байранд;
    • “Стар” телевизийн “Star TV Mongolia” фейсбүүк пейж хуудсаар;
    • 7604-0000 телефон утсаар;
  • Санал, гомдол, өргөдлийг монгол хэлээр бичгээр буюу амаар гаргана. Монгол хэл мэдэхгүй бол төрөлх хэлээрээ санал, гомдол, өргөдөл гаргаж болно.
  • Үзэгч нь телевизэд өөрийн биеэр санал, гомдол, өргөдлийг хүлээлгэн өгөх тохиолдолд ажлын өдөр 09:00-18:00 цагийн хооронд Стар телевизийн үйл ажиллагааны мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.
  • Амаар, биечлэн гаргасан өргөдөл, гомдол, саналыг хүлээн авч байгаа этгээд тэмдэглэн авч, өргөдөл, гомдол гаргагчийн гарын үсгийг зуруулна. Гарын үсгээ зурж чадахгүй бол энэ тухай тэмдэглэнэ.
  • Бичгээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурсан байна.
  • Цахим хуудсаар дамжуулан гаргасан санал, гомдол, өргөдлийг цахим хуудас хариуцаж буй ажилтан телевизийн үйл ажиллагааны мэргэжилтэнд хүлээлгэн өгч тэмдэглүүлнэ.
  • Үйл ажиллагааны мэргэжилтэн хүлээн авсан санал хүсэлт, гомдлыг тусгай бүртгэлд бүртгэж, хүний нөөцийн албанд хүргүүлнэ.
  • Хүний нөөцийн алба нь ирсэн санал хүсэлт, гомдлыг Редакцын зөвлөлд хүргүүлнэ.
  • Телевизийн редакцын зөвлөлийн гишүүд нь өргөдөл, гомдол, саналыг хянан үзээд дурдсан асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой гэж үзвэл эрх хэмжээний хүрээнд зохих шийдвэрийг гаргана.
  • Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудлаар гаргасан өргөдөл, гомдол, саналыг тусгай бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллана.
  • Санал, гомдол, өргөдлийн шийдвэрлэлтийг шуурхай болгох, Зохицуулах хороонд тайлагнах зорилгоор бүртгэлийг тусад нь хөтөлж гүйцэтгэлийн хяналтыг сар бүр хийнэ.
  • Санал, гомдол, өргөдлийг шийдвэрлэсэн, эсхүл 4.10 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр үзэгчид 48 цагаас илүүгүй хугацаанд хариу өгнө. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.
  • Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө.

ТАВ. ҮЗЭГЧЭЭС ИРҮҮЛЭХ САНАЛ, ГОМДОЛ, ӨРГӨДЛИЙН ТӨРӨЛ

  • Телевиз үзэгчээс ирүүлсэн дараах төрлийн санал, гомдол, өргөдлийн хүлээн авч өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэнэ.
    • хүүхэд залуусын сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх, хүчирхийлэл, садар самууныг сурталчлах, гэмт хэргийн үйлдлийг нарийвчлан зааварчилсан, хар тамхи, сэтгэхүйд нөлөөлөх эм бэлдмэл бэлтгэн боловсруулах, хэрэглэх зэрэг бүтээлийг өөрийн эфирээр сурталчилсан;
    • насанд хүрэгчдэд буюу 18-аас дээш насныханд зориулсан кино, нэвтрүүлгийг 06:00-22:00 цагийн хооронд нэвтрүүлсэн;
    • хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур хүүхдийн бие махбодод сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгааг сурталчилсан;
    • үндэстэн, ястан болон шашин хоорондын мөргөлдөөнд уриалсан, өдөөн хатгасан агуулга бүхий нэвтрүүлэг, зар сурталчилгааг өөрийн эфирээр сурталчилсан;
    • үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн чиг хандлага, хөгжлийн бэрхшээлийнх нь улмаас хувь хүн буюу тодорхой бүлгийг үзэн ядах, ялгаварлан гадуурхсан агуулга бүхий нэвтрүүлэг, зар сурталчилгааг сурталчилсан;
    • хууль болон гэрээнд зааснаас бусад үндэслэлээр хөтөлбөрийг хэсэгчлэн болон бүрэн зогсоохгүй байх үүргээ зөрчсөн;

© 2024 он. Star Tv. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency